Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                

Энэтхэгийн философи

Энэтхэг нь 6000 гаруй жилийн өвөрмөц түүх соёл иргэншил бүхий орон билээ. Энэтхэг соёл иргэншил МЭӨ XV зууны үеэс үүсэлтэй. Үүний нэг тод жишээ бол “Вед” судрууд юм. Ведүүд анх МЭӨ XV-XIV зуунд аман хэлбэрээр зохиогдсон түүхтэй. Тэр үед Энэтхэг Индү мөрний соёл иргэншилтэй байв. Энэтхэгийн уугуул иргэд болох дравидууд энэхүү соёл иргэншлийг анх бүтээсэн гэдэг. МЭӨ X-VII зууны үед умар зүгийн нүүдэлчин овог-Арийчууд Энэтхэгт довтолж, улмаар суурьшин амьдрах болжээ. Тэр үеэс Энэтхэгт нийгмийн ялгарал хүчтэй болж, ангит нийгэм үүсч, анхны төр улс – Магадха улс МТӨ VI зуунаас улам хүчирхэгжив. Эртний Энэтхэгийн философийг судлах эх сурвалжууд: Ведүүд (ригвед, самовед, яджурвед, атхарвавед); Рамаяна, Махабхарата, Упанишад, Бхагавадгита, Веданта-сутра, Миманса-сутра, Санкхья-карика, Йога-сутра, Ньяя-сутра, Вайшешика-сутра гэх мэт олон буй. Эртний Энэтхэгийн философийн онцлог: гэнэн реализм, натурализм, политеизм гэх мэт болно.

Эртний Энэтхэгийн философийн хөгжлийн үе шат

Эртний Энэтхэгийн философи нь хөгжлийн гурван үе шатыг дамжин хөгжиж иржээ.

Нэгдүгээрт. Ведийн үе

Энэ бол Энэтхэгт хүй нэгдлийн байгуулал задарч, боолын нийгэм үүссэн үеийн философи юм. Өөрөөр хэлбэл, (МЭӨ 1500-600) угтал философи бий болсон үе болно.

Хоёрдугаарт. Туульсын үе

Энэ эпический үе бол Энэтхэгт кастын системт нийгэм бэхэжсэн үе (МЭӨ 600-2000) бөгөөд энэ үед философийн мэдлэг агуулгын хувьд гүнзгийрсэн бөгөөд философийн системүүдийн үүсч эхэлсэн үе юм.

Гуравдугаарт. Сутрын үе буюу сонгодог хөгжлийн үе

Энэ үе нь (МЭӨ I- МЭ X зуун) Энэтхэгт философийн бие даасан системүүд олноор хөгжиж, философийн үндсэн үзэл баримтлалууд системтэй боловсрогдсон үе мөн.


Ведийн үеийн философи

Вед (эрдэм мэдлэг, мэдэх гэсэн утгатай санскрит үг) нь анх барагцаалбал МЭӨ XV-VII зууны үед зохиогджээ. Вед нь эхлээд ам дамжин боловсрогдож, шашны агуулга багатай, ардын аман зохиолын шинжтэй байсан бөгөөд хожим нь шашны болон философийн агуулгатай болж, нилээд системчлэгдэн бичигдсэн олон үеийн сэтгэгчдийн бүтээл туурвилын эмхэтгэл болсон судрууд юм. Вед бол Энэтхэгчүүдийн оюуны үнэт өв, тэдний сэтгэлгээний чухал хөшөө дурсгалын нэг мөн. Эртний Энэтхэгт самовед (samaveda) – бурхдыг магтсан дууллууд, яджурвед (yajur - veda) – дом шившлэгийн зүйлсийг агуулдаг, атхарвавед (atharva - veda) – домгийн эмхэтгэл, ригвед (rig - veda) – ертөнц, хүний үүсэл, амьдралын утга учир зэргийн тухай бярманы шашны үзэл, мөн философийн ойлголтууд анх тодорхойлогдсон хэмээх дөрвөн үндсэн вед байдаг.

Түүнчлэн вед бүр нь яваандаа самхита (samhita – санскрит хэлний цуглуулга, эмхэтгэл гэсэн утгатай үг бөгөөд магтаал, дууллын цуглуулга юм) – яруу найраг, дуулал, “брахман” (brahmana) – бичиглэл, тайлбар, мөн “араньяк” (aranyaka – брахманыг цаашид хөгжүүлж, тайлбарлахаас эргэцүүлэн бодох, бясалгахад шилжиж, домог, шашны үзлээс философи сэтгэлгээ рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн чөлөөт сэтгэлгээний илрэл болсон бүтээл мөн) – даяанч нарын “Хөвчийн ном” (ойн судрууд), эцэс сүүлдээ “упанишад” (Upanishad – багшийн ойролцоо сууж юм мэдэж авах гэсэн утгатай үг. Бас харанхуй мунхагийг арилгах хэмээх утга ч буй) - үлгэр домгийн сэтгэлгээнээс философи ялгаран гарсан үзэл санаанууд тусгагдсан бүтээлүүдээр нэмэгдсэн болой. Вед нь бүхэлдээ “шрути” буюу “ариун ном” хэмээн нэрлэгдэж ирсэн түүхтэй.

Ведүүд яг хэдий үед хэрхэн хэн зохиосон нь тийм ч тодорхой бус, энэ талаар судлаачид янз бүрээр тайлбарладаг. Вед нь МЭӨ XV зууны үеэс Энэтхэгийн уугуул иргэд – дравидууд болон хожим Европоос нүүдэллэж ирсэн арийчуудын аль алины нь бүтээл мөн. Ведүүд олон зууны турш эртнээс эдүгээ хүртэл Энэтхэгчүүдийн амьдрал, үйл ажиллагаанд чухал байр суурийг эзэлдэг байна. Вед нь аливаа мэдлэгийн эх булаг хэмээн үздэг. Вед нь үе үеийн эрдэмтэн мэргэдийн оюун ухааны охь дээж, цуглуулга тул амьдралын үнэн сургаал ажээ. Ведийн гол зорилго нь хүмүүст амьдралын үнэнийг ухааруулах явдал мөн. Ведийг эх хүнтэй зүйрлэн өгүүлсэн буй. Харин ариун сэтгэлт ээжээсээ олон зүйлийг мэдэж авдагтай адил ведийн мэдлэг цэвэр ариун учраас хүмүүс түүнийг бишрэн хүндэтгэж дагаж мөрдөж иржээ.

Вед нь өөрийн агуулгаараа домог, шашин, гүн ухааны үзлийн үүднээс ертөнц, хүний үүсэл, амьдралын тухай (Makookie), ёс суртахууны тухай голлон өгүүлдэг. Самхитаг хүн бага балчир насандаа уншиж, дараа нь арай том болсон хойноо Брахманыг судалж, улмаар ахимаг насандаа араньякийг судалж, ойд бясалгал үйлдэж, энэ бүхний эцэст Упанишадыг судлах боломжтой болдог ажээ. Эдгээрээс үндсэн гол хэсэг нь Самхита бөгөөд брахман нь агуулгын хувьд ойролцоо. Харин Араньяк болон Упанишадад гүн ухааны агуулга илүү боловсорсон юм. Aranyaka нь бясалгал хийж, оюунаа дасгалжуулах, төгөлдөржүүлэхэд зориулсан нууц байдалд үйлддэг зан үйлийн эмхэтгэл юм.

Ведэд ертөнцийн үүслийн тухай олон домог байдаг. Тийм нэг домогт өгүүлснээр: “Энэ хорвоод эхлээд юу ч байсангүй. Нар, сар, од ч байсангүй. Ертөнц зөвхөн гүн нойронд ямар ч хөдөлгөөнгүй түнэр харанхуй хоосон (хаос) байдалтай байв. Түүнээс хамгийн түрүүнд ус бий болов. Ус нь галыг бүтээж, их халуун болсноос алтан өндөг төрөв. Тэр үед он жил байсангүй. Тэгээд ч цаг хугацааг хэмжих хэн ч байсангүй. Гэвч өчнөөн төчнөөн он жилээр хязгааргүй үргэлжилсэн гүн далайд алтан өндөг хөвсөөр, эцэст нь алтан өндөгнөөс бүхний өвөг эцэг болсон Брахман гарав. Тэрээр өндгийг хагалж, хоёр хэсэг хуваасны дээд хэсэг нь тэнгэр, доод хэсэг нь газар шороо, тэдгээрийн хоорондох орон зайд агаар мандлыг тус тус үүсгэв. Усан дунд газар бий болж, гэрлийн оронг бүтээж, цаг хугацааны эхлэлийг тавьжээ. Ийнхүү орчлон ертөнц бүтэв” хэмээн өгүүлжээ. Энд ертөнцийн үүслийн тухай гэнэн натуралист үзлийн агуулга харагдаж байна.

Упанишадад өгүүлснээр тэр үед Энэтхэгчүүд олон бурхныг шүтдэг байжээ. Эрт үеийн хүмүүс байгалиас их хараат, түүний эрхшээлд байсантай холбоотойгоор байгалийг шүтэх үзэл их байсны зэрэгцээ аливаа юмс үзэгдлийн цаана ямар нэгэн хүч, эзэн байдаг хэмээн төсөөлж, маш олон бурхныг шүтэн биширч байв. Тухайлбал: Brahma бол бурхан тэнгэр, бүхнийг бүтээгч хүн төрөлхтний эцэг, Indra – Индра – агаарын хаан, Varuna – Варуна – Тэнгэрийн бурхан, Vishnu – Вишну – брахманы бүтээсэн бүхнийг хамгаалагч, Shiva – Шива бол ертөнц нэгэнт бүтээгдсэн тул бас устгагдах ёстой хэмээх шаардлагаар оршин байдаг шүтээн юм, Agni – Агни – Галын бурхан гэх мэт. Эдгээр бурхад нь байгалийн янз бүрийн хүчнүүдийг хариуцдаг, эсвэл тус бүрдээ янз бүрийн хүчнүүдийн мөн чанарыг бий болгодог мэтээр дүрслэгддэг. Яваандаа эдгээр бурхадыг хүнчилж, хэн нэгэн хүн шиг өөрсдийн намтар, түүх, баяр баясгалан, уйтгар гуниг зовлонтой мэтээр үзэх болжээ. Тэрхүү олон бурхад нь харилцан их холбоотой байдаг.

Энэ бүхнээс үзэхэд эртний Энэтхэгчүүд политейст шүтлэгтэй байжээ. Энэ талаар Ригведэд тодорхой өгүүлсэн буй. Байгалийн юмс үзэгдлийг олон бурхадтай адилтган үздэг. Байгальд боломж буй бүх өөрчлөлт хувиралт нь цаанаа ер бусын ид шидтэй хүчинд захирагддаг. Тэр бол эзэн юм. Олон бурхад байгалийн тодорхой тодорхой хэсгийг удирдан зохицуулж байдаг гэж үздэг. Тэрхүү олон бурхадын дотроос хамгийн гол бурхадын нэг бол Варуна. Тэр бол тэнгэрийн бурхан. Түүний зарлигаар тэнгэр газар хоёр салж тус тусдаа орших болжээ. Өөр нэг гол бурхан бол Агни – галын бурхан. Бурхадын тогтоосон хууль, зарлигийг “Рита” (юмсын зүй тогтол гэсэн утгатай санскрит үг) хэмээн нэрлэдэг. Улмаар Энэтхэгийн нийгэм – түүхийн хөгжлийн явцад монотейст үзэл бүрэлдэн бий болсон юм. Түүний нэг тод илрэл нь Брахманизм мөн. Брахман хэмээх үгийн утга олон янзаар тайлбарлагддаг. Үүнд: • Бүхнийг бүтээгч дээд бурхан, дээд ахуй

• Ид шидийн хүч

• Тахилд өргөсөн зүйлс, хоол хүнс

• Хуваргын аман уншлага

• ёслол хүндэтгэл гэх мэт.


Ведүүд дотроос Ригведэд философийн асуудлууд гэнэн реализмын хэлбэрээр илүү боловсорсон байдаг. Ригвед нь шүлэг, яруу найраг, магтаал, дуулал, үргэлжилсэн үгийн зохиолын хэлбэрээр бичигдсэн зохиол юм. Ригведэд “амьдралын мөн чанар нь амьсгалахуй юм” гээд, жинхэнэ үнэн ахуйг, үзэгдэлт ертөнцөөс ялган тайлбарлахдаа: “Жинхэнэ үнэн ахуй” буюу “Сат (sat)” нь хууль жам ёсонд захирагдсан, ертөнцийн эмх цэгцгүй байдлыг зохицуулж, түүнээ замбараатай хорвоо ертөнц болгон хувиргагч байдаг. Харин “ахуй бус” буюу “Асат” (asat) бол сансрыг хутган үймүүлэгч эсрэг хүчний илрэл мөн. Жинхэнэ үнэн ахуй бол брахман юм гэх зэргээр бичжээ. Ийнхүү Ригведэд ахуй, ахуй бусын тухай ойлголт анх тодорхойлогдсон байна. Иймэрхүү үзэл баримтлалууд нь нууц бодит үнэний тухай сургаал болох Упанишадад (Upanishads – ведийн үргэлжлэл, нэмэлт зохиол юм. Нийтдээ 108 упанишад байдаг боловч филосфийн ном зохиолд Кена, Чхандагья гэх мэт 10 упанишадын агуулгаар л голчлон судалсан байдаг.) гүнзгийрэн философийн үзэл баритлал болж боловсрогдсон байдаг. Упанишад нь Энэтхэгийн философийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм. Упанишадын дотроос дараах 10 упанишадад гүн ухааны асуудал илүү тусгагджээ. Үүнд: 1. Айтерея – Aitareya Upanishad

2. Кена – Kena Upanishad

3. Чхандагья – Chandogya Upanishad

4. Мундака – Mundaka Upanishad

5. Каушитика – Kaushitika Upanishad

6. Тайтирия – Taittiriya Upanishad

7. Брихадараньяка – Brihadaranyaka Upanishad

8. Шветасватара – Svetasvatara Upanishad

9. Прашна – Prasna Upanishad

10. Иша – Isa Upanishad эдгээр болно.

Эдгээр упанишадад ертөнцийн үүсэл, оршихуйн үндсийн талаар бичихдээ: “Ертөнц нь гал, ус, агаар, акаша (эфир), газар хэмээх таван махбодиос үүссэн. Анх акаша үүсч, түүнээс агаар, агаараас ус, уснаас газар, газраас ургамал, үр тариа, үр тарианаас хүн үүссэн” гэжээ. Хожим энэ нь амьгүй зүйлээс амьд байгаль үүсч, улмаар хүн үүссэн гэсэн натур философийн үндэслэл мөн.

Мөн түүнчлэн Упанишадад “Брахман” бол жинхэнэ ахуй (бодит зүйл) юм. Брахманыг тодорхойлогч гурван зүйл бий. Үүнд: • “Сат” (оршихуй) нь Брахман бодитойгоор оршин байдгийг илэрхийлдэг.

• “Чит” (туйлын ухамсар) нь Брахманыг үнэний шинжтэй болгож өгдөг зүйл юм.

• “Ананда” (аз жаргал, баясал цэнгэл) нь Брахманыг танин мэдсэн хүн дээд зэргийн аз жаргалтай болдгийг илэрхийлнэ.

Брахман бүх юмны анхдагч эхлэл болдог, ертөнцийн оюун санаа байдаг бол, харин атман нь бүх үйлдлийг авч явагч, хувийн ухамсар бөгөөд танин мэдэхүйд субъектийн үүрэг гүйцэтгэдэг. Брахман болон атман нь хоорондоо салшгүй холбоотой. Тэдгээрийн харилцан холбоонд брахман нь анхдагч тодорхойлогч үүрэгтэй хэмээн Упанишадад тайлбарладаг.

Энэ талаар, ертөнц брахманаас үүсэлтэй хэмээх үзэлд эргэлзсэн, энэ үзлийн эсрэг баримтлал ч Упанишадад цөөнүй байдаг. Тухайлбал, Чхандогья – Упанишадад : “Үгүй, эхлээд … эд (бүхэн) гагц жинхэнэ юмс байсан, өөр ангид юм байгаагүй”. Тэгээд түүний язгуур үндэс нь идэш хоолонд бус болвоос өөр юунд байх буй? … хэрэв хоол хүнс нь соёо болвоос, үндсийг нь халуун дор хай. Халуун нь соёо болвоос, уг язгуурыг жинхэнэ юманд хайгтун. Энэ бүх бүтээлүүд болвоос язгуур нь жинхэнэд буюу, хоргодох газар жинхэнэд буюу, өмөг түшиг нь бас жинхэнэ бус уу?” хэмээн өгүүлсэн нь тэр үеийн сэтгэгчид ертөнц, хүний үүсэл гарлыг тайлбарлах домгийн тайлбарлалаас татгалзаж, ертөнцийн үүслийн учир шалтгааныг олон талаас олон янзаар илүү гүнзгий тайлбарлаж байсныг гэрчилнэ.

Упанишадын нэг гол зорилго нь хүний оюун санаа чөлөөтэй сэтгэх, танин мэдэхүйн утга учрыг тайлбарлах явдал юм. Өөрөөр хэлбэл, хүн аливаа алдаа төөрөгдлөөс ангижрах, үнэнд дөхөж очих арга замыг тайлбарласан буй.

Хүний амьдралын гол зорилго нь брахманы оршихуйг танин мэдэх явдал бөгөөд “Үнэхээр оршигч ахуй болсон Брахман нь бидний мэдрэхүйд өгөгддөггүй учраас хүмүүс зөвхөн дотоод бясалгал, зөн билгийн хүчээр ухамсар сэтгэхүйгээ гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, салж хөндийрсөн тэр цагт Брахманыг танин мэдэх бололцоотой” ажээ. Энд хүний ухаан бодол, сэтгэхүйн хүч аугаа их болохыг онцлон өгүүлжээ.

Түүнчлэн хүний сэрэл хүртэхүй тийм ч төгс төгөлдөр бус болохыг тайлбарлахдаа: “Бид өдөр бүр нарыг хардаг бөгөөд жижигхэн цар шиг санагддаг боловч үнэн хэрэгтээ нар бол асар том зүйл билээ. Тэгвэл бидний ажиглалт юухан байх вэ?” хэмээн өгүүлсэн байдаг. Харин хүний оюун ухаан, сэтгэхүйн бүтээл болсон вед нь ариун номыг танин мэдэхүйн чухал эх сурвалж хэмээн Упанишадад өндрөөр үнэлсэн буй. Энэ нь танин мэдэхүйн арга хэрэгслийн талаар тодорхой хэмжээнд авч үзсэний илрэл мөн.

Цаашилбал, Упанишадад Кармын хуулийн агуулгын талаар бас өгүүлсэн байдаг бөгөөд туульсын үед улам гүнзгийрэн хөгжсөн түүхтэй.

Дээр өгүүлсэн зүйлсээс үзэхэд ведийн үед Энэтхэгийн философийн уламжлалт үндсэн ойлголтууд болох брахман, атман, сат, асат, чит, ананда зэрэг олон ойлголтууд шашны бус, философийн агуулгатай болох эхлэл тавигдсан байна.


Туульсын үеийн философи

Эртний Энэтхэгийн философийн хөгжлийн хоёр дахь үе болох туульсын (эпический) үед философи нь мэдлэгийн бие даасан салбар болон хөгжсөн үе болой. Өөрөөр хэлбэл, философийн мэдлэг, шашны үзлээс нэлээд ялгарч хөгжсөн үе юм гэж судлаачид үздэг.

Энэ үеийг судлах гол эх сурвалжууд нь Махабхарата, Рамаяна, Бхагавадгита зэрэг туульсын зохиолууд юм. Эдгээр зохиолууд нь үнэхээр гайхамшигтэй бөгөөд шашин, ёс зүйн олон асуудлыг боловсруулсан Энэтхэгийн философийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг юм. Өмнө өгүүлсэн Вед болон Упанишад дахь философийн үзэл индуист баримтлалууд энэхүү зохиолуудад цаашдын хөгжлийг олсон байдаг. Тухайлбал: Эртний Энэтхэгийн шашин, гүн ухааны томоохон бүтээл болох “Бхагавадгита” зохиолд: Хоорондоо дайсагнагч хоёр омог дайн тулаан хийхийн өмнөхөн, түгшүүртэй бэрх үед баатруудын өмнө үхэх сэхэх, амьдралын утга учир, мөн чанарын асуудал хурцаар тавигдаж буй үед Кришна Аржунад жинхэнэ ахуй ба хорвоо дэлхийн хоорондох зааг ялгааг тайлбарлаж өгдөг. Тэнд өгүүлснээр: “Жинхэнэ ахуй хэмээгч бол Дээд Брахман буюу мөнхийн, эс төрсөн хийгээд үл өмхрөх, хорвоо ертөнцөд нэвт шингэсэн бөгөөд хэмжээ хязгаараас хальсан ахуй болно” хэмээн бичжээ. Энэ нь Брахман бол мөнхийн, хязгааргүй зүйл, газар сайгүй байдаг түгээмэл зүйл гэсэн үг юм. Харин энэ хорвоогийн юмс үзэгдэл нь хувирамтгай, мөнх бус ахуйд хууртагдаж, хорогдож болохгүй гэх зэргээр амьдралын утга учир, мөн чанарыг тайлбарлах явцдаа ёс суртахууны хуулиудыг боловсруулсан байна.

Энэ үед Энэтхэгийн философид жинхэнэ ахуйг Брахман болон Атман хэмээн нэрийдэх хоёр ёсон буй болж, “Брахман” нь эзэн, ер нь юм бүхэнд түгээмэл байдаг объектив оюуны санааны мөн чанарыг тэмдэглэж, “Атман” нь хувийн ухамсар, сүнс зэрэг субъектив оюун санааны зүйлийг илэрхийлэх болжээ. Брахман нь бүхний эх үндэс болдог, харин атман бол бүхий л амьд зүйлийн хаан юм. Гэвч Брахманд атманыг багтааж ойлгож болохгүй. Эдгээр үндэслэл нь объектив болон субъектив зүйлсийг ялган үзэхийн хамт бас нэгдмэл шинжтэйг тодорхойлсон хэрэг мөн.

Мөн түүнчлэн энэ үеийн философид амьдралын үнэнийг олж илрүүлэх, хүний амьдрал дахь муу муухай зүйлийн үндэс, учир шалтгааныг Кармын хуулиар тайлбарладаг. “Карма” хэмээх санскрит үг нь үйлдэл, үйл хөдлөл гэсэн утгатай. Кармын хууль нь шалтгаант холбооны тухай хууль юм. Энэ хуулиар хүн хэдий чинээ сайн үйл, буян үйлдэнэ төдий чинээ амьдрал нь өөдрөг сайн сайхан байх бөгөөд харин муу үйл нь муу муухайгийн үндэс шалтгаан болдог хэмээн шалтгаан, үр дагаврын холбоог тайлбарладаг. “Бхагавадгита”-д карма, акарма, викарма хэмээх ойлголтуудын талаар тодорхойлохдоо:

1. Бурханы сургаал номын айлтгал лүндэнтэй (амьдрал) таарсан хүний үйл ажиллагааг карма хэмээн нэрлэдэг байна.

2. Төрөх ба үхэхийн эргүүлээс ангижрах үйлийг акарма гэдэг.

3. Хувийн эрх чөлөө юугаа урвуугаар ашиглан хүмүүний үйлдсэн болоод түүнийг амьдралын доод хэлбэр тийш залсан нүгэлт үйлийг викарма гэдэг байна.


Ийнхүү Кармын хууль бол энэ ертөнцийг захирч байдаг түгээмэл хууль юм. Хэн ч Кармын хуулийг өөрчилж чадахгүй. Тийм болохоор хүн даяан бясалгал хийх замаар өөрөө хатуужиж, тэр хэрээр муу үйлийг тэвчиж, сайн үйлийг бүтээж чадна хэмээн үздэг.

Энэ талаар “Бхагавадгита” зохиолд тэмдэглэхдээ: “Санаа бодлоо юунд ч уялгүй, өөрийгөө эзэмдэх хүсэлгүй болоод энэ ертөнцийн амьдралаас ангижирч үйлсийг умартснаар хүмүүн бээр төгөлдөр болъюу”, “ Оршин ахуйн урсгалыг гатлахдаа, өнгөрснийгөө огоор, ирээдүйгээ огоор, түүний завсрын этгээдийг басхүү огоортун. Ухаан санаа чөлөөтэй, болвоос юу ч тохиолдсон үхэл рүү эргэж орохгүй болмуй… Тэр төгөлдөр болой, тэр аюумшиггүй болой, тэр хүсэлгүй болой, өө сэвгүй болсон тэрбээр амьд ахуйн бэрхийг арилгав, түүний энэ бие эцсийнх нь бөлгөө” хэмээжээ. Энэхүү үзэл баримтлал нь аливаа хүн орчлонгийн хэргээс хөндийрснөөр, өөрийн бүхий л бие, сэтгэлийн хүчийг бясалгалын замаар төвлөрүүлэн, өөрийн дотоод ертөнцийг ухаарах замаар дээд үнэн болох брахмантай нэгдэх нь чухал юм гэдгийг тайлбарласан хэрэг юм. Чухам үүнд л хүний амьдралын зорилго, утга учир, мөн чанар оршино хэмээн үздэг байна.

Цааш нь, “Бхагавадгита”-гийн арван дөрөвдүгээр бүлэгт бичсэнээр хүний ёс суртахууны хувьд эрхэмлэх зүйлс олон буй. Үүнд: • Өө сэвгүй хүмүүн болох нь чухал ба бусдад хүндэтгэл илэрхийлж сурах,

• Зөвхөн нэр болоод алдрын тулд бишрэлтэн мэт өөрийгөө харуулах хэрэггүй,

• Өөрийн үйлээрээ ч, санаа бодлоороо ч, үгээрээ ч, бусдыг зовоох үйлийг тарихгүй байх,

• Туйлын тэсвэр тэвчээртэй байхад суралцан хэний ч өдөөн хатгалгад үл автах,

• Бусадтай харьцахдаа хоёр нүүр гаргахаас зайлсхийхэд суралцах нь чухал,

• Түүнийг сүнсний өөрийн ухамсарт хүргэх чинхүү номын багшаа хүмүүн олох ёстой бөгөөд тийм номын багш танаа захирагдан, түүнд зүтгэн мөн зохистой асуулт тавьж байваас зохимой,

• Өөрийн ухамсрын зиндаанд хүрэхийн тулд бурханы учрыг тайлбарласан ном судруудын айлдсанаар зохицуулагч зарчмуудыг хэлбэрэлтгүй гүйцэтгэвээс зохимой,

• Бурханы учрыг тайлбарласан ном шастирын тогтсон заалтыг ягштал баримталбал зохино,

• Өөрийн ухамсрын үйл явцад саад болох бүхнээс бүрнээ татгалзах нь чухал,

• Бие цогцосыг тэжээхэд зориулснаас илүү юу ч зооглох хэрэггүй,

• Өөрийгөө ертөнцтэй адилтгах ба түүнтэй хамааралтай бүхнийг өөрийн өмч мэтээр тооцох хэрэггүй,

• Бидэнд материаллаг бие цогцос байгаа цагт ямагт давтагдах төрөлт, хөгшрөлт, өвчин болоод үхлийн гай зовлонгоос бид зайлахгүйгээр зовох болно гэдгийг ямагт санавал зохино. Материаллаг биеийн энэхүү гай зовлонгоос бүрмөсөн салах гэж чармайх нь талаар бүлгээ. Хамгийн дээр нь гэвээс – шинээр өөрийн сүнсний “БИ” хэмээгчийг олж авах аргыг хайх нь мөн буюу,

• Сүнсний дэвшилд зайлшгүй хэрэгтэйгээс бусад юунд ч оосорлогдох хэрэггүй… тэргүүтэй 18 зүйлийг тодорхойлсон байдаг. Энэ бүхэн нь туульсын үед Энэтхэгийн философи агуулгын хувьд тодорхой хэмжээгээр гүнзгийрч хөгжсөн бөгөөд ялангуяа ёс суртахууны философийн асуудал голлож байсан үе болохыг харуулж байгаа юм.


Веданта (ведийн төгсгөл хэмээх утгатай санскрит үг)

Веданта (vedanta) бол ведийн үзэл санааг хамгийн тууштай уламжлан хөгжүүлсэн шашны философийн чиглэл мөн. Веданта философийг үндэслэгч нь Бадараяна (Badarayana) болно.

Энэхүү философийн үндсэн ойлголт нь “Брахман” (Brahman – энэ үг нь олон утгатай хэрэглэгддэг. Үүнд: бүхнийг бүтээгч дээд бурхан, дээд ахуй, эсвэл ид шидийн хүч, тахилд өргөсөн зүйлс, хуваргын аман уншлага, ёслол хүндэтгэл гэх мэт. Монгол хэлнээ бярман хэмээн хөрвүүлсэн буй) юм. Брахман нь ертөнцийн бүх юмсын анхдагч эхлэл бөгөөд оюун санааны нэгдмэл мөн чанарыг илэрхийлсэн ойлголт юм. Брахманаас бүх юм үүсч, эргээд бүх юмс түүнд буцаж ордог. Брахман нь цорын ганц бодит байдал мөн. Түүнээс ангид юу ч байхгүй. Веданта философид брахман нь шүтлэг бишрэлийн объект бус, харин хийсвэр сэтгэхүйн объект болдог. Брахман нь туйлын шинжтэй. Тэрээр агуу зүйл. Орчлон ертөнцөд брахман өөрийн хууль журмыг тогтоож өгдөг. Үнэн бөгөөд үл өөрчлөгдөн орших зүйл нь брахман мөн. Брахман бол бүх юмс мөн. Бүх юмс бол Брахман мөн. Харин энэ ертөнцийн юмс үзэгдэл нь харьцангуй шинжтэй. Түр зуурын зүйлс, хуурмаг шинжтэй байдаг. Энэ нь “Майя” (Maya) хэмээх ухамсар, оюун санааны бүтээлч хүчтэй холбоотой. Энэ бол брахман болон ертөнц хоёрын харилцан холбоог илэрхийлэгч бөгөөд бидэнд хэзээ ч баригдахгүй зүйл мөн. Брахман нь хэдийгээр ертөнцийн анхдагч шалтгаан боловч гагцхүү майя-гийн тусламжтайгаар л юмс үзэгдлийг бүтээдэг.

Веданта философийн өөр нэг ойлголт нь “атаман” (atman) ертөнцийн би юм. “Атман” бол цэвэр ухамсар, брахманы субъектив илрэл мөн. Брахман болон атман нь гэрэл, сүүдэр мэт эсрэг зүйлс, гэвч харилцан нягт холбоотой. Атман нь брахманы нэг адил түгээмэл шинжтэй хаа сайгүй байдаг. Атманы гол мөн чанар нь нар мэт өөрөө гэрэлтэх явдал юм. Хүний оюун ухаан нь цэвэр “БИ”-г хүлээн авах чадвартай боловч, түүний жинхэнэ мөн чанарыг таньж мэдэхэд учир дутагдалтай хэмээн веданта философид үздэг. Ийнхүү веданта даршанад ертөнц, түүний оршихуйн үндсийг брахман, атаман, майя хэмээх ойлголтуудын харилцан холбоогоор тайлбарласан юм. Эндээс үзвэл веданта нь онтологийн үзлийн хувьд шашны философи болох нь тодорхой байна.

Веданта даршанад танин мэдэхүйн эх сурваж, арга зам, үнэний тухай асуудлыг өвөрмөц байдлаар авч үзсэн. Энэхүү философийн үзлээр вед бол мөнхийн үнэн, тиймээс ведийг судлах нь танин мэдэхүйн нэг үндсэн эх сурвалж болдог. Энэ нь мэдлэгийн уламжлагдах шинжийг чухалчлан үзэж байсны илрэл мөн.

Танин мэдэхүйн хоёр үндсэн арга замын тухай ведантистууд голлон ярьдаг. Үүнд: Нэгд, “Смирити” буюу оюун дүгнэлт, логик гаргалгааны замаар танин мэдэхүйн үр дүн нь пара буюу дээд мэдлэгт бүтээдэг ажээ.

Эндээс үзвэл веданта философид мэдрэхүйн болон рациональ танин мэдэхүйн аль алиныг авч үзэж байв. Улмаар мэдрэхүйн мэдлэг нь ямагт дутуу, бүрэн бус мэдлэг байсан бөгөөд мэдрэхүйгээр танин мэдэх нь өөрийгөө хуурч байгаа хэрэг. Брахманыг гагцхүү оюун дүгнэлтийн, хийсвэр сэтгэхүйн тусламжтайгаар танин мэднэ. Үүний тулд оюун дүгнэлт лавтай нотолгоо, адилтгал, болзсон таамаглал, үл ойлгогдох объектын тухай дүр зэрэг үндсэн хэрэгслүүдэд тулгуурлах ёстой хэмээн танин мэдэхүйн олон аргуудын ач холбогдлыг өндрөөр үнэлжээ.

Веданта даршаны өөр нэг асуудал нь үнэний тухай асуудал юм. Ведантагийн үзлээр, танин мэдэхүйн зорилго нь үнэнд хүрэх явдал боловч олон тохиолдолд ийм байж чаддаггүй. Ялангуяа хийсвэр сэтгэлгээ дутуугаас болж төөрөгдөлд орох нь их байдаг. Ер нь мэдлэггүйгээ, мунхаг харанхуйгаас болж зовлонд унана. Өргөн мэдлэг нь хүнийг чөлөөтэй болгодог. Вед бол дээд үнэнд хүргэнэ гэх зэргээр тайлбарладаг. Энэ бол ведантистууд танин мэдэхүйн үзлийн хувьд плюралист байсан хэмээн үзэж болно. Ведантад ёс суртахууны асуудал нэлээд их яригддаг. Хүн бол ёс суртахуунт амьтан. Нийгмийн каст болгонд, хүн бүхэнд тогтоосон ёс суртахууны хууль байдаг. Тэр хуулийг дагах нь ёс суртахууны үүргээ биелүүлж байна гэсэн үг. Тухайлбал: Бярманы ёс суртахуун нь шударга ёсыг баримтлах, ведийг мэдэх, хэрсүү ухаалаг байх, энэрэнгүй байх, хүсэл сэтгэлээ барих, хулгай үл хийх, эс завхайрах зэрэг олон ёс зарчим, хуулиудыг өөртөө агуулж байдаг. Ёс суртахууны эдгээр зарчмуудыг өөртөө төлөвшүүлж, дагаж мөрдсөнөөр брахманд хүрч очдог. Улмаар хүн эрх чөлөөнд (мокшад) хүрнэ хэмээн үздэг. Энэ бол хүний амьдрал, оршихуйн нэг чухал хүчин зүйл нь ёс суртахуун мөн гэсэн үзэл баримтлал юм. Мокшад хүрэхийн тулд сэтгэл ариун байж, буянт үйл үйлдэх ёстой.

Энд буянт үйлийн тухай ойлголт ач холбогдол өгч байв. “Буянт үйлээс хуруу төдий хазайх нь зайлшгүй муу үрийг дагуулдаг. Хэрэв муу үр нь тухайн хүнд өөрт нь тусахгүй бол түүний үр хүүхдүүдэд эс бөгөөс ач гуч нарт нь тусдаг байна”. Аливаа хүн бурханд үнэнч, бүх сэтгэл зүрхээрээ ойр байх нь хүнийг аз жаргалд хүргэх, зовлонгоос аврах зам мөр юм. Бурханыг өөрийн эцэг эх мэт хүндэтгэн үзэх нь буянт үйл мөн. Цааш нь, хүн өөрийгөө боловсруулах, төгс хүн болох асуудлыг авч үзсэн юм. Хүн өөрийгөө мэдэрч, ухаарснаар өөрийгөө алдаа дутагдлаас ангижруулж чадвал эрх чөлөөг олж авч чадна. Энэ бүхэнд хүний амьдралын утга учир орших ажээ.


Миманса

Миманса (mimansa – шинжлэх гэсэн утгатай санскрит үг) бол ведийг шүтэн бишрэгч даршана бөгөөд “вед нь үеэс үед уламжлагдсан ташааралгүй үнэн мөнхийн судрууд” хэмээн үзэж байв. Миманса философийг үндэслэгч нь Жаймини (Jaimini) (МЭӨ VI зуун) юм. Миманса философид ахуй, танин мэдэхүйн асуудлуудыг голчлон судалжээ.

Миманса нь ертөнцийн үүслийн талаар өвөрмөц атомлаг үзлийг дэвшүүлсэн юм. Тухайлбал, энэ материаллаг ертөнцөөс дээгүүр орших бие даасан ямар нэгэн оюун санааны эхлэл байх бололцоогүй. Энэ ертөнц бол мэдрэгдэгч нэгж юмс үзэгдэл, үйл явц юм. Тэрхүү нэгж юмс үзэгдэл нь атомаас бүрэлддэг. Атом бол ертөнцийн дээд шалтгаан мөн. Атом нь мөнх. Харин юмс үзэгдэл нь мөнх бус шинжтэй. Нэгж юмс нь атомын түр зуурын барилдлага юм. Атомоос юмс үзэгдлийг үүсгэдэг нэгтгэгч оюун санааны хүч байдаг. Тэр нь “шакти” буюу “чадавхи” юм. Ертөнцийн аливаа юмс үзэгдэл илрэн гарахаасаа өмнө дотооддоо өөрийн шалтгааныг агуулж байдаг. Ертөнцөд ямарч зүйл оргүй хоосноос гарч ирдэггүй. Жишээ нь: ургамал ургахад үр байх ёстой.

Цаашилбал, Мимансад танин мэдэхүйн асуудал багагүй боловсруулагдсан байна. Энэ талаар Прабхакара (Praphakara) болон Кумарила (Kumarila) нарын үзлээр төлөөлүүлэн авч үзье.

Прабхакара танин мэдэгч (субъект), танигдаж мэдэгдэгч (объект) хоёрын харилцан холбоог авч үзээд, эдгээр нь тус тусдаа илэрхий тодорхой байж чадахгүй. Харин энэ хоёрын нэгдэл нь танин мэдэхүй юм. Жишээ нь: “Би үүнийг мэддэг” хэмээх өгүүлбэрээс гурван төсөөлөл гарч ирнэ. Үүнд: Нэгдүгээрт, “Би”-ийн тухай буюу танин мэдэгч субъектын тухай төсөөлөл,

Хоёрдугаарт, “үүнийг” буюу танигдан мэдэгдэгч объектын тухай төсөөлөл,

Гуравдугаарт, “мэдлэг” буюу танин мэдэх үйл ажиллагааны тухай төсөөлөл гарч ирнэ гэжээ. Энэ бол танин мэдэхүй нь объект, субъектын аль нэг байхгүйгээр боломжгүй гэсэн үзэл баримтлал мөн.

Мөн энэ асуудлыг Кумарила цааш гүнзгийрүүлэн судалж, танин мэдэхүйн үйл явц нь танин мэдэгч, танигдан мэдэгдэгч, танин мэдэхүйн хэрэгсэл, үр дүн хэмээх дөрвөн элементийг агуулдаг. Мэдлэг бол танигдан мэдэгдэгч болон танин мэдэгч хоёрын харилцааны үр дүн юм. Эндээс ухамсарт “би” болон “би бусын” тухай ойлголт бий болдог. “Би” болон “би бусын” хоорондын харилцаа нь мэдлэг оршин тогтнож буйн баталгаа, үндэс болдог байна. Танин мэдэхүйн объект нь субъектээс үл хамааран оршдог учир түүний тухай мэдлэг нь илэрхий тодорхой байдаггүй. Иймээс танин мэдэгч үнэн зөв мэдлэгт хүрэхийн тулд хүртэхүй, адилтгал, дүгнэлт, нотолгоо зэрэг олон аргуудыг ашиглах ёстой. Тухайлбал, хүртэхүйн мэдлэг нь шууд мэдлэг бөгөөд тодорхойгүй дутуу мэдлэг юм. Тиймээс оюун дүгнэлт зайлшгүй чухал.

Оюун дүгнэлт нь юмс үзэгдлийн хоорондын зайлшгүй түгээмэл холбооны тухай мэдлэг дээр үндэслэн, өөр шинэ мэдлэгт хүрэх арга юм.

Мимансад юмс үзэгдлийг танин мэдэх, таньж мэдсэн зүйлийнхээ үнэн зөвийг олоход танин мэдэхүйн субъектын үүргийг өндрөөр үнэлсэн байдаг. Мөн түүнчлэн танин мэдэхүй нь бага мэдлэгээс их мэдлэгт, өнгөц буруу мэдлэгээс үнэн зөв мэдлэгт шилждэг үйл явц болохыг тодорхойлж, “Ихэнхи тохиолдолд хоёр дахь танин мэдэхүйг, гурав дахиар засаж болох ба дөрөвдэхээр сайжруулах замаар үнэн мэдлэг бий болдог” гэжээ. Цааш нь “Бидний мэдлэгийн үнэнийг туршин шалгаж болно. Гэвч энэ бол зөвхөн гадаад шалгуур юм. Туршлага нь хүний дотоод ертөнцийг нээж чадахгүй. Тиймээс бас тухайн шинэ мэдлэг нь өөр мэдлэгтэй тохирч байна уу? Зөрчилтэй байна уу? гэдгийг тодруулж шалгахад дотоод шалгуур хэрэгтэй” гэсэн нь үнэний логик шалгуурын тухай ярьсан хэрэг юм.


Санкхъя

Санкхъя (Sankhya – тоо, дахин тоолох, тооцоо хийх судлал, зөв мэдлэг, зөв тоо, бодрол гэсэн утгатай үг) – тоотны үзэл бол МЭӨ VI зууны үед үүссэн Ведийг уламжлагч даршана юм. Санкхъя нь Ведийн гол ойлголтуудыг нарийн задлан шинжилж судлах юм бол аяндаа түүнд итгэн хүндэтгэхэд хүрнэ гэж үздэг үзэл юм. Нөгөө талаас, Санкхъяд аливаа сургаалыг үг дуугүй дагахаасаа өмнө утга учрыг нь нягтлан тооцож үзэхийг чухалчилж байжээ. Эл сургаалыг үндэслэгч нь Капила (МЭӨ 600 он) юм. Санкхъя нь зөв мэдлэгийн онол юм.

Энэхүү даршаны үзлээр ертөнцөд пракрити (байгаль, матери) буюу материаллаг эхлэл, пуруша буюу оюун санааны эхлэл хоёр зэрэгцэн оршдог, өөрөөр хэлбэл ахуйн тухай сургаал нь дуалист шинжтэй гэж үзэж болно. Пуруша (оюун санаа, би). Пуруша гэж юу вэ?

Пуруша бол эхлэлгүй, нарийн, хаа сайгүй байдаг, ухамсарладаг, шинж тэмдэггүй, мөнхийн, үзэгдэн харагддаг, туршигдан хүртэгддэг, үйлчилдэггүй, мэдэгч, ариун, үүсгэгч бус объектууд юм.

Санкхъяийн философид олон тооны пуруша эх байдлаар байдаг.

Яагаад пуруша эхлэлгүй байдаг юм бэ?

Учир нь түүнд эхлэл, дунд хэсэг, төгсгөл гэж үгүй. Энэ нь бид түүний эхлэлийг ч, үргэлжлэлийг ч, төгсгөлийг ч үл ажигладаг болох тэрхүү зүйлийг л тэмдэглэсэн бололтой.

Яагаад нарийн байдаг юм бэ?

Учир нь тэрээр хэсэг салбаргүй бөгөөд үл мэдрэгдэх.

Яагаад тэр хаа сайгүй байдаг юм бэ?

Учир нь тэр тэнгэрийн адилаар бүхнийг хамран байдаг, түүний орон зай хязгааргүй.

Яагаад тэр ухамсарладаг юм бэ?

Учир нь тэрээр баяр хөөр, айдас хүйдэс, хайр халамжийг ухамсарладаг.

Яагаад тэр шинж тэмдэггүй юм бэ?

Учир нь түүнд сайн сайхан шинж байдаггүй. Ялгаа болоод хорон санаа байдаггүй.

Яагаад тэр мөнх байдаг юм бэ?

Учир нь тэр бүтээгдэн бий болоогүй, бүтээх ч боломжгүй юм.

Яагаад тэр хардаг юм бэ?

Учир нь тэрээр пракритигийн өөрчлөлтийг ажиглаж мэддэг.

Яагаад тэр ашиглагддаг юм бэ?

Учир нь тэр ухамсарладаг, тиймээс тэр айдас, баяр хөөрийг ухамсарладаг.

Яагаад тэр үйлдэгч бус юм бэ?

Учир нь тэрээр хайхрамжгүй бөгөөд шинж тэмдэггүй.

Яагаад тэр танин мэдэгч бие, объект юм бэ?

Ямар ч сайн болоод муу үйл хэрэг пурушад үл хамаардаг.

Яагаад тэр үл бүтээгч юм бэ?

Учир нь тэр үр хөрөнгөгүй, өөрөөр хэлбэл юуг ч бүтээж чадахгүй. Ингэж санкхъячууд пурушаг тодорхойлж байв.


Пуруша идэвхтэй хөдөлдөг үү? Цаашид илүү гүнзгий хэлэлцэхийг шаардах хэд хэдэн тусгай асуудлууд гарч ирдэг. Эдгээрийн эхнийх нь Пуруша үйлдэлтэй эсэх, идэвхтэй эсэх?

Хэрвээ тэрээр үйлдэгч, хөдөлгөөнтэй байсан бол тэрээр зөвхөн сайн үйл хийхээс бус, гурван төрлийн үйлийг мөн хийх байсан. Харин энэхүү гурван төрлийн үйлдэл нь:

1. Сайн санаа удирдлага болоод тэдгээрийн дэмжлэг, үзэн ядалтаас чөлөөтэй, хүний хүчнээс ангид хүчийг бэлтгэх, хэрэгжүүлэх зэргээс бүрддэг сайн үйл буяны зан үйл.

2. Айдас, уур хилэн, харамч хахир бодол, муу сэтгэл, хүчирхийлэл, сэтгэл ханамжгүй байдал бүдүүлэг зан зэргийг ялгаагүй зан үйл гэдэг.

3. Солиорол, архидан согтуурах, ажилгүй байдал, үгүйсгэх үзэл, эмсийг гэх хайр, архидалт, үзэн ядалт, бохир заваан байдлыг муу зан үйл гэдэг.

Энд эдгээрийг цэвэр ёс суртахууны шинж чанар гэж хүлээн зөвшөөрч байгаа “БИ”, урьд өмнө эдгээрийг илүү өргөнөөр сансар огторгуйн хүч мэтээр ойлгох ёстой ажээ. Эдгээр нь ерөөс шинж чанар, гол шинж биш, харин эсрэгээр эдгээр пракрити, түүний дотоод дахь сайн, үл ялгарал ба муу санаа, гэрэл сүүдэр, харанхуй, хөнгөн, хөдөлгөөнтэй холбоотой юм.

Санкхъяд шалтгаалцлын тухай онол чухал байр суурь эзэлдэг. Энэхүү сургаалд “Үр дагавар, шалтгаан дотор байдаг. Хэрэв үр дагавар өөрийнхөө шалтгаанд оршдоггүй бол тэр нь бодит мөн чанар оршихуй байж үл чадна. Үр дагавар нь шалтгааныхаа хөгжлийн нэг хэлбэр юм. Ийм дагавар нь шалтгаан дотор бололцооны хэлбэрээр оршдог зүйл. Аливаа тодорхой шалтгаанаас зөвхөн түүнд тохирох үр дагавар гарна. Ертөнцийн юмс үзэгдэл нь зөвхөн шалтгаан, үрийн шүтэн барилдлага юм. Ийм үр дагаврыг мэдсэнээр уг шалтгааныг ч мэдэх бололцоотой. Үүний тулд бүх юмс үзэгдэлд байдаг нийтлэг шинжийг танин мэдэх нь чухалл. Энэхүү нийтлэг шинж нь юмс үзэгдлүүд нэг эх сурвалж, шалтгаантайг гэрчилнэ. Тийм нэг анхдагч шалтгаан нь пракрити юм” гэх зэргээр шалтгаант холбоог тайлбарлажээ. Ийнхүү шалтгаант холбооны тухай үзэл нь ертөнцийн анхдагч шалтгааны тухай асуудал руу аваачдаг.

Пракрита нь ертөнцийн хамгийн анхдагч зарчим, бүх зүйл үүсэн хөгжих бололцоог өөртөө агуулдаг. Тэр нь маш нарийн, үл хүртэгдэх зүйл учир түүнийг зөвхөн үр дагавруудаас нь үндэслэн шууд бусаар танин мэддэг. Пракрита нь маш идэвхтэй, хязгааргүй эхлэл шалтгаан юм. Ертөнцийн юмс үзэгдэл нь өөр өөрийн шалтгаантай, олон төрлийн байдаг. Мөн түүнээс гадна тэдгээр нь үүсэл, мөхөлтэй байдаг. Харин пракрита нь өөр юунаас ч шалтгаалахгүй бүрэн биеэ даасан туйлын анхдагч эхлэл, бүтээгдэшгүй, устгагдашгүй зүйл. Пракрита нь хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Пракрита нь ухамсарт бус зүйл. Пракрита ертөнцийн бүх юмсыг өөртөө бололцооны хэлбэрээр агуулдаг.

Пракритагийн оршихуйн талаар дараах үндэслэгээ боловсруулсан байдаг. Үүнд:

• Ертөнцийн юмс үзэгдэл нь хязгаарлагдмал шинжтэй бөгөөд ямар нэг нөхцөлт байдлаас хараат байдаг. Тэгэхээр хязгаарлагдмал зүйл юмс үзэгдлийн түгээмэл шалтгаан болж үл чадна. Иймд хүн хязгаарлагдмал зүйлээс хязгааргүй рүү, түр зуурын зүйлээс мөнхийн тогтвортой зүйл рүү, олноос нэг рүү сэтгэж түүнт нэвтрэх ёстой. Иймд тэрхүү хязгааргүй, мөнхийн тогтвортой, бодит оршихуй нь пракрита мөн.

• Юмс үзэгдэл нь өөр өөрийн өвөрмөц шинжтэй бөгөөд тэдгээр нь хүмүүст янз бүрийн таашаал, шаналал, зовиур зэрэг мэдрэмжийг төрүүлдэг. Гэвч нөгөө талд тэдгээрт бас нийтлэг ерөнхий шинжүүд байдаг. Тиймээс бүх юмст ерөнхий нэг үндэс шалтгаан байх ёстой. Тийм ерөнхий нэг шалтгаан нь пракрита юм.

• Хувьсал нь чухамдаа далд нууцлаг байсан зүйл илэрхий болон гарч ирэх үйл явц байдаг. Хувьсал өөрчлөлтийн тийм далд шалтгаан нь пракрита мөн.

• Аливаа үр дагавар нь шалтгаанаа илэрхийлэн зааж байдаг. Шалтгаан ба үр дагавар нь нэгэн үйл явцын ил ба далд үе шатууд юм…эдгээр болно.

Пракрита нь (Prakriti) мөнх, материаллаг ертөнцийн анхдагч шалтгаан юм. Пракрити нь үргэлжийн өөрчлөлт, хөдөлгөөнд оршдог. Пракритагаас үүссэн ертөнц нь өөртөө олон янзын үзэгдэл, үйл явцыг багтаадаг. Ертөнцийн олон янз байдал нь пракритид байгаа, түүний бүрдүүлэгч хүч буюу “Гуна” (Guna – утас, оосор, хүч чадал, чанар гэсэн утгатай үг) – тай холбоотой. Пракритиг бүрдүүлэгч гурван “гуна” (хүч) байдаг. Үүнд:

1. Саттва (sattva) хөнгөн бөгөөд хурц тод гэрэлтүүлэгч аз жаргал, буянт үйлийг бүтээгч цэвэр мөн чанар юм.

2. Раджас (rajas) нь хөдөлгөөн идэвхтэй, хөдөлгөгч хүч болдог.

3. Тамас (tamas) нь харанхуй хүнд бөгөөд идэвхгүй, тогтонги тал хэсэг юм.

Энэхүү гурван “Гуна” юм бүхэнд хосолж, аль нэг нь илүү давамгайлж байгалийн олон янз байдлыг бий болгодог ажээ. Энд саттва, тамас хоёр бол эерэг ахуй болон сөрөг ахуй бусыг илэрхийлнэ. Эдгээр гурван “Гуна” бол пракритиг бүрдүүлэгч элементүүд юм.

“Пуруша” (Purusa) нь дээд тэнгэр буюу бүтээгч бус, ертөнцийн санаа ч бус. Энэ бол бодьгал чанарын мөнх, хувиршгүй зарчим, дотор нь өөрөө оршин буй амьд биеийн амьдралын явцыг болон бүхэл хорвоогийн хувьсал өөрчлөлтийг бясалгагч ухамсар юм. Пуруша нь өөрчлөгдөшгүй, үйл ажиллагаагүй. Тэрээр зөвхөн мэдэрдэг, танин мэддэг. Тийм учраас бусад нөлөөнд ордоггүй. Пуруша нь цэвэр би, сүнс, субъект юм. Энэ бол биет зүйл биш. Пуруша нь оюун санааны субстанци, чинагуух ухамсар болой. Тэрээр үл өөрчлөгдөх, хөдөлгөөнгүй, мөнхийн амар амгалан мөн. Пуруша нь пракритагийн нэг адил юунаас ч үл хамаарах мөнхийн зүйл ажээ. Пурушагийн оршихуйн баталгааг дараах байдлаар тайлбарладаг. Бүх юмс үзэгдэл нь пурушагийн тусын тулд оршдог. Тухайлбал, бие, сэрэл, мэдрэхүй, сэтгэл, оюун ухаан нь пурушаг ухаарах хэрэгслүүд юм. Мөн бүх мэдлэг “Би”-гийн оршихуйг шаарддаг. Тэгэхээр нь пуруша нь бүх мэдлэгийн эх үндэс мөн. Түүнгүйгээр юу ч орших боломжгүй. Ухамсарт бус пракрита нь өөрийн үр бүтээл болсон юмс үзэгдлийг танин мэдэж үл чадна. Иймд ертөнцийг танин мэдэх субъект зайлшгүй байх ёстой. Тэр нь пуруша юм. Хүмүүс энэ ертөнцөд мунхаг харанхуйн хүлээсэнд оршдог бөгөөд үргэлжийн зовлон бэрхшээлтэй тулгардаг. Хүмүүсийг амьдралын зовлон бэрхшээлээс ангижрах, чөлөөт байдлыг зааж өгдөг оюун санаалаг хүч байх шаардлагатай. Тэр нь пуруша юм.

Пуруша хөдөлгөөнтэй байхын тулд түүнд пракрити хэрэгтэй. Пракрити нь пурушагийн тусламжтайгаар ертөнцийг бүтээсэн.