Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Анхдагч эх сурвалж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анхдагч эх сурвалж нь академик суурьт түүхийн судлалын хувьд тухайн судалж буй зүйлийн цаг үед шууд холбогдох гар бичмэл, аяны тэмдэглэл, намтар дурсамж, тухайн цаг үед бичсэн хааны болон төрийн захиалгаар бичигдсэн түүх, уран зураг, хот суурингийн үлдэгдэл, археологийн олдвор, ардын аман зохиол зэргийг багтаадаг. Харин сэтгүүл зүйн анхдагч эх сурвалж нь болж өрнөсөн үйл явдалд оролцсон гэрч нарын ярилцлага, нийтлэл, дурсамж зэрэг бусад баримт бичгийг багтааж болно. Энэхүү анхдагч эх сурвалж нь тухайн сэдвийг судлах гол тулгуур баримт болдог тул хожим нь үүнээс эшлэж авснаар хоёрдогч эх сурвалж үүсч байдаг.

Анхдагч эх сурвалж нь хүний бүтээсэн нийгмийн салбар бүрт өөр байдаг. Улс төр, нийгмийн салбарын хувьд төрийн баримт бичиг, илтгэл, тайлан, төрийн захиалгатай бичсэн түүхийн ном, сонгуулийн холбогдолтой баримт, сурталчилгааны зурагт хуудас, захидал, уран зохиол, яруу найраг, ардын аман зохиолыг тэмдэглэсэн ном бүтээл, фото зураг, видео, кино, намтар дурсамж, өдрийн тэмдэглэл, аяны тэмдэглэл, тамга тэмдэг, төлбөрийн хэрэгсэл, санхүүгийн тайлан баланс байдаг. Шинжлэх ухааны хувьд сонгосон сэдвээр хамгийн анх судлагааны бүтээл хийсэн эрдэмтэний илтгэл, тайлан, дүгнэлт, эссе, диссертац, дэвшүүлсэн онол арга зүй, гар бичмэл зэргийг оруулж тооцдог. Түүхийн салбарын тухайд судлаж буй цаг үед холбоотой төрийн захиалгат түүх, сул түүх, түүхийн үйл явдалд оролцсон хүний аяны тэмдэглэл, өдрийн тэмдэглэл, захидал, хаад ноёдын зарлиг, газрын зураг, уран зохиол, уран зураг, үнэт эдлэлээр хийсэн эд өлгийн зүйлс, зарим тохиолдолд археологийн олдвор сэлтийг оруулж тооцдог.

Бичгийн эх сурвалжийг урлаг уран зохиолын эх сурвалж, дипломат буюу албан төрийн баримтат эх сурвалж, нийгэм өдөр тутмын харилцаанд холбогдох баримт бичиг гэж ангилж болно.

Ямар нэгэн салбарын анхдагч эх сурвалж нь судлаачид ямар сэдэв судлаж байгаагаас үл хамаарч судлагааны хамгийн чухал баримт болдог. Практикт зарим эх сурвалж устгагдаж, зарим нь судалгаа хийх боломжгүй байдаг. Магадгүй үйл явдлын гэрчүүдийн цорын ганц мэдээлэл нь дурсамж, намтар, олон жилийн дараа авсан аман ярилцлага байж болно. Заримдаа анхны эх сурвалжаас олон жилийн дараа хуулбарласан эхүүд л үлдэж, анхны эх баримт үрэгдэж алга болсон нөхцөлд тэрхүү цөөн үлдсэн хуулбар эхийг чухалчлан үздэг.

Дэлхийн сонгодог зохиолын анхны эх сурвалж нь зохиолчын гар бичмэл, зохиолын эх эсвэл зохиолын хуулбар эхүүдийг оруулж тооцно. Ихэнх тохиолдолд тухайн зохиолын анхны эх биш хуулбарласан эх, хожуу хэвлэгдсэн эх, цөөн тооны хуудас, зохиолчын захиа зэрэг цөөн тооны баримт цөөн тоогоор үлдэх тул тэдгээрийн үнэ цэнийг үнэлж баршгүй байдаг. Иймээс олон нийтэд үзүүлэх, сургалтанд ашиглах нөхцөлд анхдагч эх сурвалжийг ашигласан хоёрдогч эх сурвалж, судлагааны нийтлэл, зохиолоос эшлэн хэрэглэдэг. Харин эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж буй судлаачид аль болох анхдагч эх сурвалжийг ашиглах, шинэ эх сурвалжийг эрж хайн ашиглахыг шаарддаг нь тухайн судлагааны үнэ цэн, нийтэд танигдах боломжийг өсгөж өгдөг.

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]