Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Вячеслав Молотов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вячеслав Молотов

Вячеслав Михайлович Молотов (Орос: Вячеслав Михайлович Молотов, 1890 оны 3 дугаар сарын 9 (Юлийн тооллоор 2 сарын 25) - 1986 оны 11 дүгээр сарын 8) нь Зөвлөлт Холбоот Улсын улс төрч, хувьсгалч юм. 1930-1941 онуудад Зөвлөлт Холбоот Улсын Ардын Коммисаруудын Зөвлөлийн дарга (Ерөнхий сайд), 1939—1949, 1953—1956 онуудад Гадаад хэргийн сайд, 1957-1960 онуудад Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Элчин сайдын албыг хашиж байв. Эхнэр нь еврей хүн байсан бөгөөд Сталины засаглалын үед хэлмэгджээ.

В.Молотов 1890 оны 3 дугаар сарын 9-нд Оросын Хаант Улсын Норинск хотод төржээ /Өнөөгийн Киров хязгаар/. Түүний жинхэнэ овог нь Скрябин бөгөөд хөгжмийн зохиолч Александр Скрябин түүний авга ах болно. 1906 онд Оросын Ажилчны Социал Демократ Намд элсчээ. 1909 онд Казаний технологийн сургуульд суралцаж байхдаа хувьсгалт хөдөлгөөнд оролцож эхлэн, түүнээсээ болж Сибирьт цөлөгдөж байв. 1911 онд ялын хугацаагаа дуусгаад Санкт-Петербургийн политехникийн дээд сургуульд элсэн орсон боловч дахин Эрхүү мужид 1915 онд 3 жилээр цөлөгдсөн байна. Гэвч 1915 онд тэндээсээ оргож, Петроградад нуугдан аж төрж байгаад Молотов гэж нууц нэртэй болж 1917 оны 2 хувьсгал болох 2 сарын хувьсгал ба Октябрийн хувьсгалд оролцсон юм.

Сталин, Ворошилов нарын хамт. 1937 он

1921 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын төв хорооны нарийн бичгийн дарга болж, 1926 онд Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон байна. 1927 оноос Коминтерний гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1929 онд Николай Бухарин албан тушаалаасаа зайлуулагдсаны дараа Коминтерний нэгдүгээр хүн болсон юм.

1924 онд Полина Жемчужинатай гэрлээд эхнэрээ 1949 онд баричлагдахаас өмнөх нь гэрлэлтээ цуцлуусан. 1926 онд ганц охин Светлана нь төрсөн.

1930 онд Ардын комиссаруудын зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдын албанд томилогдов. Улмаар Хитлертэй ойртох бодлого баримталж байсан Сталин еврей үндэстэн болох Максив Литвиновыг Гадаад хэргийн ардын комиссар буюу Гадаад хэргийн сайдын албан тушаалаас огцруулахад В.Молотов хавсрах болсон байна (1939 оны 5 сараас). Энэ хугацаанд Зөвлөлт-Германы харилцан үл довтлох гэрээ (Молотов-Риббентропын гэрээ гэгддэг)-г 1939 оны 8 дугаар сарын 23-нд Москва хотод байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

1940 оны намар Берлинд айлчилж, Хитлер болон Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроптой уулзалт хийж байх үед Английн нисэх хүчний бөмбөгдөлт болж, тэд хоргодох байранд уулзалтаа үргэлжлүүлж байсан бөгөөд тэр үед Германы тал Английн ялагдал ойлгомжтой хэмээн хэлэхэд Молотов "Энэ дээгүүр нисч байгаа нь тэгээд хаанахын онгоц болж байна?" хэмээн асууж Гитлерийг уурлуулж байсан гэдэг.

1940 оны 11 сар. Германы удирдагчидтай уулзаж буй Молотов

Мөн тэрээр Балтын орнуудыг ЗХУ-д нэгтгэх, өвлийн дайныг зохион байгуулахад удирдах үүрэгтэй оролцжээ. Өвлийн дайны үеэр ЗХУ-ын тал Финляндын хотуудыг бөмбөгдөж байсан бөгөөд түүнийг эсэргүүцэж гаргасан мэдэгдлийн хариуд Молотов "Бид талх хаяж өгч байгаа юм" гэж мэдэгдсэн аж. Хожим "Молотовын талх" гэдэг хэллэг ихэд дэлгэрсэн юм.

1941 оны 5 дугаар сараас Засгийн газрын тэргүүний ажлаас чөлөөлөгдөж И.Сталинд хүлээлгэн өгөөд Гадаад харилцааны салбарт бүх анхаарлаа хандуулах болов.

1939 оны 8 дугаар сард Москва хотноо Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох Гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Сталиныг нас барсны дараа Гадаад хэргийн сайд бөгөөд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогчийн албыг хаших болсон тэрээр Сталинизмаас татгалзах бодлого баримталж байсан. Никита Хрущёвтай эхлээд хамтарч байснаа сүүлд зөрчилдөх болжээ. Георгий Маленков, Лазарь Каганович нарын хамт Хрущевыг тзлхэн унагахаар оролдсон боловч эсрэгээрээ 1957 онд Намын эсрэг бүлэг гэгдэн намаас хөөгдөж, тэр жилдээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух Элчин сайдаар томилогдож, албан тушаал буурсан юм.

1960 оноос Вена хот дахь НҮБ-ын Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ дахь ЗХУ-ын төлөөлөгчөөр 1961 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад 1962 онд тэтгэвэрт нь гаргасан байна. Түүний намын гишүүнчлэлийг 1984 онд сэргээсэн байна. В.Молотов 1986 оны 11 сарын 8-нд Москва хотноо 96 насандаа нас баржээ.

Монголтой холбоотой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух Элчин сайдаар ажиллаж байхдаа БНМАУ-ын удирдагч нарт шахалт үзүүлэн Монголын баруун хойт хэсгийн газар нутгийг ЗХУ-д нэгтгэсэн хүн юм.1957 онд зөвлөлт монголын хилийн хэлэлцээр дээр В.Молотов Монгол улсын Увс, Хөвсгөл аймгийн нийт 2415 хавтгай дөрвөлжин км газар нутгийг "манай зөвлөлтийн нутаг, манай Тувагийн үлдсэн газар нутаг" хэмээн монголын талд дарамт шахалт үзүүлж тэрхүү бүх газрыг зөвлөлтийн талд авсан билээ. Энэхүү хууль бус бусармаг ажиллагааг эсэргүүцсэн тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд асан С.Аварзэдийг элдвээр дарамталж Ю.Цэдэнбалтай хамтарч албан тушаалаас нь буулгаж байсан түүхтэй. Хожим нь С.Аварзэд алс хол аймагт нутаг заагдаж жирийн жолоочоор ажиллаж амьдарч байгаад 1986 онд Улаанбаатар хотод гадны нөлөөтэйгээр бусдад хорлогдож амь насаа алджээ.
Өмнөх
Алексей Рыков
3 дахь ЗХУ-ын Ардын комиссаруудын зөвлөлийн дарга
1930 - 1941
Дараах
Иосиф Сталин
Өмнөх
Максим Литвинов
ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар
1939 - 1949
Дараах
Андрей Вышинский
Өмнөх
Андрей Вышинский
ЗХУ-ын гадаад хэргийн сайд
1953 - 1956
Дараах
Дмитрий Шепилов