Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Дамбадаржайлин хийд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дамбадаржайлин хийд нь Монгол улсын Улаанбаатар хотод орших Бурханы шашны хийд юм. Энэ хийд нь 1765 онд Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан үүсгэн байгуулагдсан юм.

Буханы шашныг бадруулагч хэмээх Дамбадаржаа хийдийг анх Манжийн хааны зарлигаар 1761 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа Цэлхийн голын цутгал Зонхов хайрханы энгэрт байгуулахаар тогтож, 1765 онд байгуулан аравнайлжээ. Барилгын ажлыг хариуцагч түшмэл Зоригт ван Санзайдорж хаанд айлтгаснаар Дамбадаржайлин буюу Шажныг бадруулагч хийд хэмээх номын нэрийг олгож Туул гол хүртэлх Сэлбийн голын хөндий буюу одоогийн Улаанбаатар хотын төв хэсгийг хийдийн газар нутагт харьяалуулсан байна.

Уг хийдийг II Богд Жибзундамба хутагтын дурсгалд зориулж байгуулсан хэмээдэг бөгөөд түүний шарилын суврагыг 1774 онд уг хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт босгож, тахих болсон ажгуу. Мөн 1778 онд энэ хийдэд III Богдын шарилыг шилжүүлэн авчирчээ. Иймээс Дамбадаржаа хийдэд үе үеийн Богд Жибзундамба хутагтуудын жанч халсны хойтын буянд зориулан ном унших тусгай өдөртэй болжээ. Тухайлбал, VI Богд болон VII Богдын дурсгалын өдөр жил бүрийн арван нэгдүгээр сарын хорин хоёрны өдөр гэж бичсэн баримт буй.

Хийдийн зохион байгуулалт нь Цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байжээ.

1937-1938 оны үед хийдийг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, ямпай хана, хэрмэн хашаанд орох хаалган байшин, Махаранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суваргыг нурааж, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ. Тус хийдийн 107 ламд цаазлан хороох ял оноож, 103 ламын эд хөрөнгө, нас, албан тушаал, нутаг ус, нийгмийн байдал зэргийг тэмдэглэн тухайн үеийн Дотоод яамны архивт хадгалжээ. Харин цогчин дуганы барилгыг сувиллын ба эмчилгээний өрөө тасалгаа бүхий амралт сувилал болгон өөрчилсөнтэй холбогдуулж уурын зуух, бохир усны цооног, хойт энгэрт нь усан сан, хүнсний зоорь барьсан байна. 1938-1939 онд Аж үйлдвэрийн комбинатын ажилчдын амралт сувиллын газар, 1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1980 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.

1990 оны цагаан морин жил Дашрэнчин тэргүүтэй өтгөс хуврагууд Богдын Лаврин сүмд сан тавьж, анхны цогчин хурал хурж байнгын үйл ажиллагааг нь сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна. Тус хийд байгуулагдсаны 240 жилийн ойг 2005 онд төр засгийн хүрээнд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлжээ.