Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Жузеппе Верди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жузеппе Фортунато Верди (Итали: Giuseppe Fortunino Francesco Verdi, 1813 оны 11 сарын 9 эсвэл 101901 оны 1 сарын 27) нь Италийн алдартай хөгжмийн зохиолч.

Ж.Вердигийн бүтээл бол дэлхийн дуурийн урлагийн хамгийн том бүтээлүүдийн нэг болсон бөгөөд 19-р зууны Италийн дуурийн хөгжлийн оргил үе гэгддэг юм. Тэрээр 26 дуурь бүтээсэн байна.

Агуу хөгжмийн зохиолчийн эцэг Карло Верди тосгоны уушийн газар ажиллуулдаг байсан бол эх Луижа Уттини нь даавуу ээрэгч байжээ. Гэр бүл ядуу амьдарч байсан бөгөөд Жузеппын бага нас гачигдал зовлонт амьдрал дунд өнгөрсөн байна. Тэрээр тосгоны сүмд мөргөлийн үеэр дуулдаг байсан. Тэрээр Пьетро Байстрокчитай хөгжмийн анхны боловсрол эзэмшсэн байна. Хүүгийнхээ хөгжимд дуртай болохыг анзаарсан эцэг эх нь Жузеппэд спинет (жижиг модон клавесин) бэлгэлсэн ажээ. Хөгжмийн зохиолч энэ төгс бус хөгжмийн зэмсгийг амьдралынхаа эцэс хүртэл хадгалсан байдаг.

Тэрээр дараа нь зэргэлдээх хотынхоо найрал хөгжмийн удирдаач болсон нь тохиолдол биш байлаа. Тэр үеэс хөгжмийн зохиолоо бичиж эхэлжээ.

Ж.Верди, 29 настайдаа

Түүний "Оберто" хэмээх анхны дуурийг 1839 онд Милан хотын “Ла Скала” театрт амжилттай тогложээ. 1842 онд зохиосон "Набукко" (Навуходоносор) гэдэг дуурь Вердийг Итали даяар хайр хүндтэй хөгжмийн зохиолч болгожээ. Энэ үеэс Италийн эх орончид үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд ард олныг уриалж байсан цаг үе юм. Верди, тэдний нэгэн адил Эх орноо Австрийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг чин сэнтгэлээс хүсч ард түмнийхээ санаа хүслийг илэрхийлсэн "Набукко" болон энэ үед бичсэн бусад дуурь нь харийн бооллогчдын эсрэг тэмцлийн зэвсэг болсон юм. Тэдгээр дуурийн эрэмгий айзам бүхий найрал дуунууд нь эх орончдын сүлд дуулал болж түгжээ. Тиймээс италичууд Ж.Вердийг "хөгжимч Гарибальди", "хувьсгалын маэстро" гэж бахархан нэрлэх болжээ. 1850-аад оны эхээр зохиогдсон "Риголетто", "Ерөөлч", "Травиата" зэрэг дууриуд нь түүний алдар нэрийг хилийн чанадад цуурайтуулжээ. Хөгжмийн зохиолч хэдийгээр түүхийн баатарлаг явдлыг дүрслэх явдлаас хөндийрсөн боловч уран бүтээлийнхээ үзэл санааны чиг баримжааг өчүүхэн ч өөрчилсөнгүй. Тэрээр хөрөнгөт нийгмийн бузар булай байдлыг уудлан илчилж байв. Ж. Верди дуурийн хэвшмэл уламжлалыг зоригтой эвдэн, зохиолын дүр, үг хэллэгт онцгой анхаарч, ардын дуунд ойр аялгуутай дуурь бүтээх болжээ. Фридрих фон Шиллерийн уран бүтээлийн үйл явдалд үндэслэн хэд хэдэн дуурь бичсэний нэг нь "Дон Карлиос" юм. Театрт гоц тохирсон, хурц тод ангилал бүхий Виктор Гюгогийн жүжгийн зохиолууд түүнд онцгой ойр дотно байсан бөгөөд "Эрнани", "Риголетто" гэдэг шилдэг дууриудыг түүний жүжгийг үндэслэн зохиожээ.

1871 онд Ж. Верди Суэцийн сувгийн нээлтэд зориулж "Аида" дуурь бичив. Дүрийг бүх талаар гүнзгий нээж, нийтлэг шинжийг бодит буюу реалист ёсоор гаргах аргыг тэр Уильям Шекспирээс сурчээ. "Макбет" (1847) хэмээх дуурь болон хөгжмийн ертөнцийг гайхуулсан "Отелло" (1887), "Фальстаф" (1893) дууриудад нь Шекспирийн зохиолын үзэл санаа, үйл явдал тусгагдсан байдаг. Ж. Вердийн бүтээлүүд нь ардач чанартай, хүнлэг энэрэнгүй үзэлтэй байдгаараа хүн төрөлхтний соёлын өвд хүндтэй байр эзэлдэг юм.

1901 оны 1-р сарын 21-нд Верди Милан хотын зочид буудалд байхдаа цус харваж бие нь өдөр бүр суларсаар 6 хоногийн дараа 1901 оны 1-р сарын 27-ны өглөө эрт нас барсан юм.

 Commons: Жузеппе Верди – Викимедиа дуу дүрсний сан