Эрээн хүрнэ
Эрээн хүрнэ (Vormela peregusna) нь говь цөлийн бүсэд нэн ховор тохиолддог суусрын овгийн жижиг махчин амьтан юм.[1]
Бие 35 см, сүүл 20 см урт, жин 0.5 кг хүрнэ. Толгой жижиг, хоншоор богиновтор, мохоодуу. Чих том, угаараа өргөн, дэлбэгэрдүү дугуй. Мөчид богинохон. Сүүл урт сагсгар. Зоо нуруу,биеийн хажуу халиун бор дэвсгэр дээр элдэв хэлбэрийн цайвар толбуудтай. Хүзүү халтар бараан.[1]
Хэвэл бараан. Хоолойноос завж, нүдийг дайрсан өргөн бараан зурвастай. Чахалзуураас нүд, чихний завсраар шургасан тууш, тод цагаан зурвас бий. Уруул, эрүү чихний урд тал цагаан. Ерөнхий зүс нь эрээн.[1]
Байршил нутаг
[засварлах | кодоор засварлах]Зүүн өмнөд Кавказ, Казахстан, Дундад дорнод Ази, Баруун өмнө говь, Баруун өмнө Монгол, хойд Хятадын хээрийг хамарсан өргөн тархацтай. Монголд Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Алтайн өвөр говиуд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговийн өмнөд хэсгээр тархжээ. Заг, хармаг, сухай бүхий дов сондуулт хотгор, харгана, хялганат элсэрхэг хээр, заримдаа уулын бэлийн хадтай толгод, сайр, сархиа, задгай ус, баян бүрдийн ойролцоо элдэв мэрэгч, ялангуяа чичүүл, огдойн үлий элбэгтэй газар идээшин амьдарна.
Говийн элсэрхэг хөрстэй дов сондуулт хотгор, заг, хармагт цөл, заримдаа харганат хээрт тохиолдоно.
Анчдын үнэг, хярсанд зориулан зүүсэн хавханд хааяа баригддаг. 1970 - 1975 онд Улаамбаатар хотын түүхий эдийн баазад 6 ширхэг арьс өмхий хүрний арьсанд тооцогдон ирсэн мэдээ бүртгэгдсэн байдаг. Монголд эрээн хүрнийн үржил, амьдрах ахуйн талаар судалгаа хийгдэж байгаагүй. Идэш тэжээлээр өмхий хүрнэ, үнэг, хярс, цагаан үентэй давхацдаг.[1]
Амьдралын онцлог
[засварлах | кодоор засварлах]Монголд судлаагүй. Голдуу өглөө үдэш, заримдаа өдөр гүйж, элдэв мэрэгч, чичүүл, огдойгоор идэшлэнэ. Өмнөговийн Зүүн сайхан уулын өвөр бэлээс IV сард барьсан бодгаль хул чичүүл, Увсын Тэс голын адгаас XI сард барьсан бодгаль үхэр огдой идсэн байв. Өмнөговийн Баяндалай сумын нутагт V сард элсэн довцогийн нүхэн үүрэнд 4 сөөдгий тохиолджээ.
Тоо толгой, хомсдох шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Тоо толгой, тархац мэрэгчдийн олон цөөнөөс шалтгаалан тогтворгүй. Тусгайлан агнадаггүй ч анчдын зүүсэн хавханд орж баригддаг. Хулгайгаар агнаснаас хааяагүй ховордож байна. Идэш тэжээлээр өмхий хүрнэ, үнэг, хярс, цагаан үентэй адилхан. Уул уурхайн ашиглалт, бэлчээрийн талхагдалт, цөлжилт, ган зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр устаж болзошгүй зүйл.
Хамгаалсан арга хэмжээ
[засварлах | кодоор засварлах]Манай оронд эрээн хүрнийг хамгаалах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Улсын ан агнуурын тухай хуулиар агнахыг хориглох, тархац, тоо толгой экологийн судалгаа хийж хамгаалах арга хэмжээ боловсруулах шаардлагатай.гэж БНМАУ-ын Улаан номонд орсон байна.[1]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- “БНМАУ-ын Улаан ном” 1987 он, хуудас 25