Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Skip to main content

    Чимээд Улаанбарс

    Тус өгүүлэлд юуны өмнө “Дайчин гүрний дотоод судар бичгийн хүрээний манж данс”-ыг ашиглан, Тэнгэрийн сэцэний сүүлчийн үед Манж улсын хан Хунтайжаас цахар найман хошууг зохион байгуулсан явцыг тодорхойлохоор дамжиж, найман хошууны цахар ба... more
    Тус өгүүлэлд юуны өмнө “Дайчин гүрний дотоод судар бичгийн хүрээний манж данс”-ыг ашиглан, Тэнгэрийн сэцэний сүүлчийн үед Манж улсын хан Хунтайжаас цахар найман хошууг зохион байгуулсан явцыг тодорхойлохоор дамжиж, найман хошууны цахар ба гадаад засгийн монгол хошуудын хоорондох ялгааг өгүүлж, дараа нь “Дайчин гүрний дотоод нарийн бичгийн яамны монгол данс эвхмэлийн эмхтгэл”-д тэмдэглэсэн Хунтайжаас найман хошууны цахарын зайсан дарга нарт өгсөн үе залгамжлах жуух бичгийг задлахаар дамжин, найман хошууны цахар болон Дайчин гүрний хааны хоорондох харьцааг шинжиж, үүнд суурилан найман хошууны цахарын Дайчин гүрний төр засгийн тогтолцоон дахь байр суурь жич Дайчин гүрний үе залгамжлах түшмэлийн дүрмийн хөгжлийн явцыг шүүн үзэхээр зорилт болгов. Дайчин гүрний үед Манж, Монгол оронд “дайн байвал цахар байна, цахар үгүй бол солон байна”, эсхүл “захгүй бол дээл болохгүй, цахаргүй бол дайн болохгүй” гэх зэрэг яриа дэлгэрч байжээ. Энэ нь тухайн үеийн найман хошууны цахарын оршиж байсан орчин ахуй ба түүний Дайчин гүрний төр засгийн тогтолцоон дахь байр суурийг харуулж буй. Тэгвэл, Дайчин гүрэн юунд дайн болох бүр найман хошууны цахарыг дайны талбарт илгээдэг юм бэ? Адилхан монголчууд байтлаа юунд гадаад засгийн монголыг илгээсэн нь харьцангуй цөөн байсан бэ? Үүний цаана Дайчин гүрэн ба найман хошууны цахарын хооронд ямаршуу харьцаа агуулагдаж байсан бэ? Найман хошууны цахар Дайчин гүрний цэрэг дайны явдалд онц идэвхийлэн оролцдогийн цаанах найман хошууны цахарууд болон Дайчин гүрний хоорондох мөн чанарын харьцааг тодлох нь бид хойшид Дайчин гүрний ноёрхлын системийг ойлгоход их тус болохын дагуу, Дайчин гүрний үеийн монголчуудын засаг төр дэх байр суурийг танихад мөн нэмэр болох нь дамжиггүй юм. Урьдын судалсан байдлыг тоочвол, Дарьжав гуай “Дайчин гүрний эхний үеийн цахарын хошуу байгуулах асуудлыг шинжлэх нь”, “Дайчин гүрний эхний үеийн цахарын хошуу байгуулах асуудлыг дахин шинжлэх нь”, “Дайчин гүрний үеийн найман хошууны цахарын тухай хянах нь”  зэрэг өгүүлэлдээ, Манж улс-Дайчин гүрний эхний үеийн цахарын тухай зарим асуудлыг нарийн судалснаас судлаачид засгийн хошууны цахар ба найман хошууны цахарын хоорондох ялгааг нэн тодорхой ойлгох болж, тэрбээр Дайчин гүрний үе дэх цахарын судалгааны хөгжилтийг ахиулсан байна. Дурдууштай нь, Дарьжав гуай “Дайчин гүрний үеийн найман хошууны цахарын тухай хянах нь”  гэх өгүүлэлдээ, найман хошууны цахарын ирэл гарлыг нарийн шинжилж, найман хошууны цахар болон засгийн хошууны цахарын хоорондох ялгааг бодтой илрүүлэн, найман хошууны цахарын судалгааны бат суурийг тавьсан юм. Миний энэ өгүүлэл Дарьжав гуайн судалгааны суурин дээр, юуны өмнө, Хунтайж цахарын найман хошууг байгуулсан явцыг шинжихээр дамжин, найман хошууны цахар нь хэрхэн найман хошуу лугаа ялгаатай болсон ба юунд засгийн хошуу байгуулаагүй шалтгааныг тодорхойлж, дараа нь, Хунтайж ба Эеэр засагч хаанаас найман хошууны цахарын зайсан дарга нарт өгсөн үе залгамжлах жуух бичгийг нарийн задлахаар дамжин, найман хошууны цахар болон Дайчин гүрний хааны хоорондох харьцаа жич иймэрхүү харьцаа барилдсан түүхэн ахуйг өгүүлж, үүний суурин дээр найман хошууны цахарын Дайчин гүрний төр засгийн тогтолцоон дахь байр суурь жич энэхүү байр суурийн үүслийг хайж үзэх санаатай байна.