Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Капитализм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өмчит журам буюу Капитализм (Англи: Capitalism) гэдэг нь Өрнийн ертөнцөөс эхэлж, дэлхий даяар дэлгэрсэн эдийн засгийн журам, байгуулал, тогтолцоо юм.[1] Яг таг тодорхойлолт үгүй, ихэвчлэн түүхэн цаг хугацаанд тайлбарлана.[2]

Хөрөнгө өмчлөх эрх, ашгийн төлөө бараа, үйлчилгээ бий болгох, өрсөлдөөнт зах зээл, цалинт хөдөлмөр зэрэг нь өмчит журмын чухал махбодууд болохыг ихэвчлэн хүлээн зөвшөөрнө.[3][4] Түүхэн үйл явц, газар орон, улс төр, соёлын ялгаатай хэв шинжээс шалтгаалж янз бүрээр тэмдэглэгдэж байсан.

Өмчит журам гэдэг бол "Хүмүүс (ажилчин) өмчгүй учир хөдөлмөрөө хөрөнгөтөнд худалдаж, бүтээгдэхүүн бий болгоно. Хөрөнгөтөн бүтээгдэхүүнийг арилжиж, өмчийн хөрөнгөө арвижуулдаг (нэмүү өртөг) горимыг хэлнэ"[5] гэж К. Маркс бусдаас өөрөөр санал дэвшүүлсэн бол Л. Мизес, А. Рэнд, М. Фридман, М. Ротбард нарын тодорхойлолт янз бүр хэдий ч юун түрүүнд чөлөөт зах зээл, төрийн оролцоогүй байх журамтай гэдэгт нэгддэг.

Эдийн засагчид, улс төрийн засагчид, түүхчид нь өмчит журамд өөр өөрөөр ханддаг. Эдийн засагчид ихэвчлэн засгийн газрын хяналтгүй зах зээл, өмчлөх эрхийг нь онцолдог.[6][7] Харин дийлэнх улс төрийн эдийн засагчид хувийн өмч, талуудын харилцаа, цалинт хөдөлмөр, ангийн байгуулал, түүхэн цаг хугацаан дахь уялдааг чухалчилдаг.

Капитализмын талаар өгүүлэх нь:

[засварлах | кодоор засварлах]

Капитализм буюу ЗЗЭЗ-ийн гол үзэл санаа нь хэн чадалтай, хүчтэй, овсгоотой нь хөрөнгөтний давхаргыг бүрдүүлж нийгмийг авч явах ёстой гэдэг. Капитализмын үед хүмүүст өмч гэх зүйл байх бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ явуулан өөрөө хөгжихийн хэрээр нийгмээ бас хөгжүүлж байдаг. Хүмүүс эрх чөлөөтэй сайхан амьдрах хүсэл капитализмын шахалт шаардлагаар гарч байна.

Үйлдвэрлэлд юу хэрэгтэй вэ? Зах зээл дээр бид юуг худалдаж, юуг худалдан авдаг вэ? Эдгээр бол газар, хөдөлмөр, капитал гурав юм. Эдгээрийг үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэдэг. Энэ үйлдвэрлэлийн хүчин зvйлс нь капитализмыг бий болгожээ.

Капитализмын гол үндэс нь болж байсан хүмүүс нь урьдын феодалын үлдэгдлүүд юм (газрын эзэд, худалдаачид, фермер аж үйлдвэрлэгчид, дунд ангийн төлөөлөгчид гэх мэт).

Капитализмд бvгд тэгш эрхтэй. Баяжих, шударгаар хөрөнгө хуримтлуулах эрх нь ч нээлттэй. Энэ эрхийг нь төр хамгаална. Иргэн хүн хариуд нь татвар төлнө. Учир нь үнэгvй юм гэж үгүй. Капитализмд аливаа хүн ажиллахгvй байх эрхтэй. Хүн хямд ажлаас татгалзах боломжтой. Хэн ч түүнийг албадахгүй. Гэвч зах зээл өөрөө ямар ч хүнийг xүмүүжүүлдэг гэх.

Үйлдвэрлэлийн хүчин зүйл үүссэнээр, газар, хөдөлмөр, капитал эдийн засгийн эргэлтэд орсноор техникийн дэвшил, технологийн хөгжил эрс хурдсах боломж бүрэлдэн бий болсон. Гэхдээ капитализмын нэг том дутагдал нь баталгаа, найдварын хомсдол юм. Феодалын нийгмийн үед бол хамжлага ардад хичнээн хэцүү үе ч гэсэн эзэн ноёноосоо бага хэмжээний өл залгуулах хүнс авах эрхтэй байж. Харин капитализмд ажилчин хүний амьдралын баталгаа тун хэврэг. Өнөөдөр ажилтай байна, харин маргааш энэ хэвээрээ байх уу үгүй юу гэдэг дээр ямар ч баталгаа байхгүй, өөрөө өөртөө л найдна. Капитализмыг устгах нэг хүчин зүйл нь ядуурал юм.

  1. Capitalism. Encyclopedia Britannica. 2006.
  2. Critical Issues in History. Lanham, Md: Rowman and Littlefield, 1999, p. 1
  3. Heilbroner, Robert L. Capitalism. New Palgrave Dictionary of Economics, Secound Edition (2008): http://www.dictionaryofeconomics.com/article?id=pde2008_C000053&edition=current&q=state%20capitalism&topicid=&result_number=2
  4. Tormey, Simon. Anti-Capitalism. One World Publications, 2004. p. 10
  5. Marx, K. Capital, Progress Publishers (1954) [1977], Vol. I, Ch. 25, p580. Also Kerr Edition (1906), p678.
  6. Tucker, Irvin B. (1997). Macroeconomics for Today. p. 553.
  7. Case, Karl E. (2004). Principles of Macroeconomics. Prentice Hall.