Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР СЭТГҮҮЛ ЗҮЙ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМ БАКАЛАВРЫН СУДАЛГААНЫ АЖИЛ СЭДЭВ: Инфографик мэдээллийн ач холбогдол, хэрэглээ Бэлтгэсэн: /Ц.Гэрэлтуяа/ Удирдсан багш: /Б.Наранбаатар(PhD)/ Шүүмжлэгч багш: /Д.Идэржаргал/ 2016 он Агуулга ОРШИЛ БҮЛЭГ 1. ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН ОНОЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА Инфографик мэдээлэл сэтгүүл зүйн шинэ хэрэгсэл болох нь Дата сэтгүүл зүйн үүсэл, төлөвшил, өнөөгийн байдал БҮЛЭГ 2. МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ДЭХ ИНФОГРАФИК МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭ, ОНЦЛОГ 2.1 Уламжлалт ОНМХ дэх инфографик мэдээллийн хэрэглээ, ач холбогдол 2.2 Мэдээллийн сайтуудын инфографик мэдээлэлд хийсэн судалгаа(“ikon.mn”, “gogo.mn”, “trends.mn”) ДҮГНЭЛТ Оршил Нийгэм цаг үе, өөрчлөгдөн шинэчлэгдэж, техник технологийн хөгжил хурдсах тусам хүмүүс улам бүр завгүй болж байна. Хүмүүс ном сонин уншихад их цаг зарцуулахаас больж, аль болох хялбар аргаар богино хугацаанд, бүрэн цогц, чанартай мэдээлэл авахыг эрэлхийлэх болсон. Энэхүү үзэгдэл сэтгүүл зүйд нөлөөлж, хэвлэл мэдээллийн салбар гарц хайж эхэлснээр инфографик мэдээлэл үүссэн гэж үзэж болно. Инфографик нь бүрэн цогц мэдээллийг сонирхолтой, ойлгомжтой байдлаар визуал хэрэгсэл ашиглан, уншигчдад хүргэх сэтгүүл зүйн туслах хэрэгсэл юм. Техник технологийн хөгжлийг дагаад энэ чиглэлийн мэдээлэл сэтгүүл зүйн салбарт тренд болоод байна. Инфографик нь дата сэтгүүл зүйн үйл ажиллагааны үр дүн, бүтээл байх учиртай. Сэдвийн судлагдсан байдал: Дэлхий нийтэд инфографикийг судлах төдийгүй их дээд сургууль, сургалтын төвүүд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болсон. Харин Монголын сэтгүүл зүйд инфографик болон дата сэтгүүл зүй нь хоёр жилийн өмнөөс нэвтэрч эхэлсэн бөгөөд томоохон судалгааны ажил хийгдээгүй байсан. Дипломын ажлын онолын хэсгийг бэлтгэхдээ ихэвчлэн ХонгКонгийн их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн сурах бичиг, видео хичээл, судлаачдын судалгаа, нийтлэл мэдээ баримт, зөвлөмжийг ашигласан. Цахим сэтгүүл зүй, монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд Монголын эрдэмтэн судлаач нарын зохиол бүтээлийг ашигласан. Инфографикийг судлах хэрэгцээ шаардлага нийгэмд байгаа бөгөөд миний судалгааны ажил бага ч атугай хувь нэмэр болсон гэж найдаж байна. Судалгааны ажлын зорилго, зорилт: Инфографик мэдээллийн ач холбогдол, хэрэглээг судлах нь миний зорилго. Монголын сэтгүүл зүйд инфографикийг ашиглаж буй зорилго, сэдвийн хүрээ, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдэж буй давтамж, бэлтгэхэд анхаарах зүйл, тавигдах шаардлага, чанарын шалгуур, бэлтгэгчдийн ур чадвар зэргийг тогтоохоор судалгааны ажил хийлээ. Судалгааны арга зүй: “Өнөөдөр” сонин, “Засгийн газрын мэдээ” сонин, “Ikon.mn”, “Gogo.mn”, “Trends.mn” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн инфографикт контент судалгааны аргыг ашиглан анализ хийсэн. Үүнээс гадна судалгаандаа загварчлах арга, индукци, дедукцийн аргыг ашигласан. Судалгааны ажлын бүтэц, агуулга: Судалгааны ажил хоёр бүлэг, дөрвөн дэд бүлгээс тогтоно. Эхний бүлэгт инфографик мэдээлэл, дата сэтгүүл зүйн онолын үзэл баримтлал, хөгжлийн хандлага, хоорондын хамаарал болон дэлхий нийтэд хэрхэн хөгжиж байгаа талаар судалсан. Хоёрдугаар бүлэгт, Монголын сэтгүүл зүйд инфографик мэдээллийн хэрэглээ, чанарын шалгуур, өнөөгийн дүр байдал ямар байгааг шинжлэн харуулсан. Шинэлэг тал, онол практикийн ач холбогдол: Инфографик, дата сэтгүүл зүйн талаар үзэл баримтлалыг бий болгохыг хичээсэн нь онолын ач холбогдолтой гэж үзэж байна. Инфографикийг ашиглахдаа гаргаж буй алдаа, учир дутагдалтай, шүүмжлэлтэй талуудыг илрүүлж, хэрхэн засч сайжруулахыг гаргасан нь практик ач холбогдолтой юм. Дипломын ажлаа хийх явцдаа миний бие ХонгКонгийн их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн “Дата сэтгүүл зүй” таван 7 хоногийн хичээлийг үзсэн. Энэхүү хичээл дээр сурсан мэдлэгээ дипломын ажилдаа ашигласан нь шинэлэг тал гэж бодож байна. Хамгаалах гол зүйл: Энэхүү судалгааны ажлаараа хамгаалах гол зүйл бол миний өөртөө болон бусдад зориулан судалж, бий болгосон инфографик, дата сэтгүүл зүйн онолын үзэл баримтлал, хэрэглээ, тавигдах шаардлагын тухай ойлголт, Монголын сэтгүүл зүйд энэ чиглэлийн дагуу хийсэн судалгаа, дүн шинжилгээ зэрэг юм. Цааш нь судлах шаардлагатай эсэх: Эрдэмтэн багш, судлаач нар энэ талаар судалгааны бүтээл, ном гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ чиглэлийг цаашид судлах шаардлагатай. Учир нь манай улсын сэтгүүл зүйд нэвтрээд удаагүй, шинэ зүйл бөгөөд сэтгүүлчдийн дундах ойлголт мэдлэг, чадвар хангалттай биш гэж би үзэж байна. Тиймээс энэ байдлыг цэгцэлж, нэг шугамын дагуу хөгжиж, ирээдүйн сэтгүүлч нарт мэдлэг өгөх зорилгоор инфографик, дата сэтгүүл зүйн талаар гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. БҮЛЭГ 1. ИНФОГРАФИК МЭДЭЭЛЛИЙН ҮНДСЭН АСУУДЛУУД, ОНОЛ ДҮГНЭЛТ Инфографик мэдээллийн түүх, хөгжил Инфографик гэдэг нь informatio - тайлбарлах, мэдээлэх, ил гаргах гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Information буюу мэдээлэл, graphic буюу дүр дүрслэл гэсэн үгсийн нийлмэл юм. Мэдээлэл, дата, мэдлэгийг хүлээн авагчдад товч, тодорхой хүргэхийн тулд бүтээсэн график дүрслэлийг инфографик гэнэ. Энэ нь анх хүй нэгдлийн үед буюу хадан дээрх сүг зургаас үүсэлтэй гэж үздэг. Орчин үеийн инфографикийн түүхийг 1786 онд статистикийн графикч Виллиам Флейфайр (William Playfair) эхлүүлсэн. Тэрээр “Сурталчилгаа ба улс төрийн атлас” (Commercial and political atlas) зохиолдоо тухайн үеийн Английн эдийн засгийн байдлыг дүрслэхийн тулд олон тооны шугаман, бар чартыг ашигласан байдаг https://visual.ly/m/history-of-infographics/ . Баримт, үйл явдал, үзэл бодлын дүрсэн өгүүлэмж гэж хэлж болно. Инфографик зөвхөн их хэмжээний мэдээллийн багтаамжтай байгаад зогсохгүй тухайн гаргаж ирж буй асуудлаа ойлгомжтой, баримтын дэс дараалалтай өгүүлдэг. Орон зай, цаг хугацааны явцад баримт үйл явдлын харилцан хамаарлыг харуулж, урсгал чиглэлийг гаргаж ирдгээрээ давуу талтай юм. Инфографикийн илэрхийлэх арга нь график, диаграм, схем, таблиц, зураг, жагсаалт байж болно. Мэдээллийг бүрэн илэрхийлэх хоёр төрлийн арга бий. 1. Судалгааны /explorative/ буюу Э.Тафтигийн арга юм. Энэ нь мэдээллийг ач холбогдлоор нь сонгох арга юм. Зөвхөн хэрэгтэй гэж үзсэн гол мэдээллийг байрлуулж, бусад дагавар мэдээллийг орхигдуулдаг. Мэдээллийг өгөх гэж буй зорилтот бүлэг нь тухайн үйл явдлын талаар сайн мэдээлэлтэй. Мэдээлэл өгөгч нь шинэ соргог ач холбогдолтой гэж үзсэн мэдээллээ танилцуулна. Ихэнхдээ шинжлэх ухааны судалгаа, бизнесийн дүн шинжилгээ зэрэг тодорхой мэргэжлийн салбаруудад ашигладаг. 2. Сэдэвчилсэн буюу өгүүлсэн /narrative/ буюу Н.Холмсын арга: 1978-1994 онд “Тайм” (Time) сэтгүүлд  тайлбар график (explanation graphics) гэсэн тайлбартайгаар үйл явдлын инфографикийг гаргаж байсан. Ихэнхдээ анхлан мэдээлэл авагч болон тухайн үйл явдлын талаар гүн гүнзгий мэдлэггүй уншигчдад зориулдаг. Уншигчийн анхаарлыг татаж мэдээлэл өгөхөөс гадна зугаацуулж хөгжөөх давхар зорилгуудтай. Ихэнхдээ сэтгүүл зүй, блог, маркетингийн салбарт ашигладаг. Инфографикийн агуулгыг сонгохдоо ихэвчлэн Н.Холмсын аргыг ашигладаг. Инфографик нь бусад мэдээллийн бичлэгийн төрлөөс хэд хэдэн шинжээр ялгаатай. Мэдээллийг тайлбарлахын тулд график үзүүлэлт ашигладаг. Бүх төрлийн мэдээллийг багтаасан, илэрхийлэл, үйл явдлын хандлагыг графикийн тусламжтайгаар илэрхийлсэн байдаг. Мөн бусад бичлэгийн төрлөөс ялгагдах онцлог нь өнгө үзэмж нь бусдын анхаарлыг татах чадвартай. Хүн харсан зүйлээ ойлгох, тогтоох нь илүү хурдан байдаг учир инфографикийн давуу тал их. Инфографик нь логик чадвар шаардалгүйгээр уншигчдад гол санаагаа ойлгомжтой, шууд өгүүлдгээрээ онцлогтой. Тодорхой сэдвийн дагуу үнэн бодит, шинэлэг, сүүлийн үеийн, бүрэн цогц хэмжээний мэдээллийг ойлгомжтой, график дүрс дүрслэлээр “амьдруулан” уншигчдад хүргэх нь инфографикийн зорилго юм. Инфографик бүр зорилгодоо хүрч, уншигчдад нөлөөлж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Тиймээс сайн инфографик бүтээхийн тулд чанарын шалгуур тавих хэрэгтэй. Инфографик бүтээгчдийн ширээний ном “Тоон мэдээллийн визуал дүр төрх” номын зохиогч, судлаач Эдвард Туфте инфографикт тавигдах шаардлагыг 1983 онд дараах байдлаар тодорхойлжээ. Дата агуулах Уншигчийн анхаарлыг өгүүлэх гэж буй гол санаанд чиглүүлэх, түүнээс биш графикийг хийсэн арга, технологи зэрэг зүйлд хөтлөхгүй байх Мэдээллийг гуйвуулахаас зайлсхийх Тоон мэдээллийг бага зай ашиглан, ухаалгаар зохицуулах Логик холбоотой датаг ашиглах Олон янзын график дүрслэл нь уншигчийг залхаахгүй байх Өөр төрлийн мэдээллүүдийг хүснэгт, шугам зэргийг ашиглан тусгаарлах Датаг сайн судалж, үр дүнтэй, тохирсон график ашиглан тайлбарлах Тайлбар, шинжилгээ судалгаа, чимэглэлийг шаардлагын дагуу хэрэглэх Статистикийн болон аман датаг нарийн хянаж, шалган, няхуур ажиллах Эдгээрийг багцалж, практикаас үүссэн шаардлагуудыг нэгтгэн гаргасан, инфографикт тавигдах нийтлэг шаардлага бий. Үүнд: Дата мэдээллийн шинэлэг, чанартай, сонирхолтой эсэх; эх сурвалж баталгаатай, албан ёсны эсэх; дизайн дата мэдээллээ тодотгож, уншигчийн анхаарлыг татаж байгаа эсэх; гарчиг сонирхолтой эсэх; түүх өгүүлж байгаа эсэх зэрэг орно. Дата: Өөрийн инфографикаараа дамжуулан хүргэх утга санаанд тохирсон датаг л сонгож ашигла. Дизайндаа гол анхаарлаа хандуулж, датаг орхигдуулах нь гол зорилгоо умартсан хэрэг болно. Дизайн нь датаг тодотгож өгөх зорилготой хэрэгсэл болохоос инфографикийн “амин сүнс” биш. Итгэн үнэмшүүлэх чанартай инфографик бэлтгэхийн тулд дараах гурван зарчмыг баримтлах ёстой. Үүнд: статистик тоо баримт үнэн эсэх; эх сурвалж баталгаатай эсэх; хэрэглэж буй график дүрслэл дататай тохирч байгаа эсэх зэрэг орно. Сэтгүүлч инфографик хийж эхлэхээс өмнө болон бэлэн болсны дараа дээрх гурван зарчмын дагуу бүтээлээ шалгах хэрэгтэй. Инфографиктаа ашиглаж буй тоо, график дүрслэл, чарт, зураг зэрэг нь өөр хоорондоо уялдаатай хийгдсэн байх нь чухал. Нэрт судлаач Тиффани Фаррант-Гонзалез “Хэрвээ таны ажиллаж буй дата итгэл үнэмшил төрүүлэхгүй бол инфографик ч мөн адил үнэ цэнэгүй болно” гэсэн нь дээрх зарчмыг баталж байна. Дизайн: Сонингийн инфографикийг нийтлэлтэй нэг шугамд зэрэгцүүлэн байрлуулах нь зохимжтой байдаг. Маш сайн дата, судлаачийн дүгнэлт зэрэг мэдээллийг агуулсан хэдий ч муу дизайнтай инфографик нь уншигчийн сонирхлыг татдаггүй бөгөөд үүнийгээ дагаад итгэн үнэмшүүлэх чадвар ч сул байдаг байна. Дизайн, өнгө, үсгийн фонт, зургийн хэмжээ, цэвэрхэн цагаан зай зэргийг бодолцож, алтан харьцааг барьсан бол зохимжтой, цэгцтэй харагддаг. Сэтгүүлчид бар чарт, шугаман график, пай чарт зэрэг нь түгээмэл хэрэглэгддэг хэрэгслүүдээс татгалзахыг хичээж байна. Шинэлэг, өөр график дүрслэл олон байдаг боловч инфографик бүтээгч, ер нь хэрэглэгчид дээрх гурван графикийг ихээр ашигладаг нь учир дутагдалтай байна. Тиймээс хэрвээ олон улсын эдийн засгийн тухай инфографик хийх гэж байгаа бол шугаман графикаас илүүтэй газрын зургийг ашигласан нь илүү сайн шийдэл болж харагддаг. Мөн уншигчдын анхаарлыг татаж, мэдээллийг тодотгож өгдөг нэг элемэнт бол өнгө. Монголчууд өнгөний билэгдэлд их анхаардаг ард түмэн. Нэмэлт чимэглэл, дүрс ашиглах нь уншигчдыг мэдээлэлд бус дизайнд илүү анхаарахад хүргэдэг. Тиймээс энгийн, цэвэрхэн хийхийг сүүлийн үед дизайнерууд зорьж байна. Инфографик гэдэг нь инфо буюу мэдээлэл, график буюу дүрс хоёроос тогтоно. Сайн инфографик нь визуал мэдээлэл болон текстэн мэдээллийн харьцааг зөв барьсан байхад оршино. Инфографик хийх, датаг цэвэрлэх, түүх, харьцуулсан график гаргах зэрэгт ашигладаг олон программ байна. Жишээлбэл: Вектор зургийн программ: “Omni Graffle”, “Microsoft Visio”; чарт хийх: “Microsoft Office”, “Apple iWork”; зураг янзлах: “Adobe Photoshop”; график дизайн бэлтгэх үнэгүй онлайн хэрэгслүүд: “Tableau Public”, “Many Eyes”, “Swivel”, “Google Public”, “Data Explorer” зэрэг хэрэгслүүд байдаг. Сайн инфографикийг нэг үгээр илэрхийлбэл: тодорхой байдал гэж инфографикийн дизайнер Адам Сингер (Adam Singer) хэлсэн байдаг. Мөн сайн инфографик нь уншигч, хүлээн авагчдад мессеж, үзэл санааг хүргэдэг. “Маш их дата эсвэл тоон баримтыг нэг зурган дотор чанахыг инфографик гэнэ” гэж М.Волпе хэлжээ. Олон улсад инфографикийн өргөн нь 735 пиксел байх стандарт бий. Зургийн нийт хэмжээ 5000-с дээш пикселтэй инфографик уншигчийг удаан барьж чаддаггүй тул хэт том инфографик нь учир дутагдалтай. Инфографик бүтээгчид, сонирхогчдод зориулсан үнэгүй хэрэгслүүд олон бий. Тэдгээрээс дурдвал, “Piktochart”, “Public data”, “Wordle”, “Gapminder”, “Informationisbeautiful” зэрэг хэрэгслүүд бий. Эх сурвалж: Инфографикт зохиогчийн эрх, эзэмшигчийн мэдээлэл, эх сурвалж, дизайнер, ашигласан зураг зэргийн нэр, хаягийг дурдаж өгсөн байдаг https://blog.kissmetrics.com/12-infographic-tips/. Энэ нь оюуны өмчийг хүндэтгэж байгаагаас гадна уншигч дата мэдээллийг нягтлан шалгах гарц болно. Түүх өгүүлэх: Инфографик нь олон нийтийн анхаарлыг татсан асуултанд сонирхолтой хариулт өгөх байдлаар хийгдсэн байвал үр дүнтэй. Өөрөөр хэлбэл инфографик нь түүх өгүүлж байдаг. Өгүүлж буй түүхийг хүлээн авагчид уншаагүй байсан ч инфографик дахь мэдээлэл төсөөлөл өгч чадах хэмжээний байх ёстой. “Хэрвээ чиний инфографик 1000 үгтэй бол чи дүнгээ алдлаа л гэсэн үг” https://www.easel.ly/blog/top-tips-from-experts-on-what-makes-a-great-infographic/ гэж судлаач Майк Макфарлайн хэлсэн нь үнэн юм. Инфографикт зөвхөн нэг сэдвийн талаарх үнэн бодит, шинэлэг, чухал датаг хэрэггүй баримт, диаграммын цуглуулга биш, цуглуулж чадах бүх датаг зоох самбар биш. Үүний оронд нэг сэдэвт төвлөрч, баримтаа оновчтой сонгох нь инфографикийн үндсэн шалгуур юм. Энэ нь мөн уншигч, хүлээн авагчдыг эргэлзүүлэхээс сэргийлнэ. Инфографик хийх сэдвээ тодорхойлсны дараа хариулахыг хичээж буй асуултаа тодорхойлох хэрэгтэй. Гарчиг: Уншигч инфографикийг хараад хэдхэн секундын дотор унших үгүйгээ шийддэг. Энэ үед уншигчийн анхаарлыг татах зэвсэг нь гарчиг болон дизайн юм. Тиймээс инфографикт хэрхэвч сул, сонирхолгүй гарчиг өгч болохгүй. Үүнээс гадна инфографикийн тайлбар чухал үүрэгтэй. Сайн гарчиг, тайлбар нь агуулгаа тайлбарласан, уншигчийн анхаарлыг татахуйц, ойлгоход амар, богино байх бөгөөд ихдээ далан тэмдэгтэд багтсан байна. Инфографик нь дотроо хэлбэр, дүрслэлийн хувьд хэд хэдэн төрөлтэй. Тоогоор илэрхийлэх – Энэ нь хамгийн түгээмэл хэлбэр юм. Мэдээлэлд агуулагдаж тоо баримтыг тодотгох байдлаар уншигчийн анхаарлыг татдаг. Өргөтгөсөн жагсаалт - Статистик мэдээлэл, цаг хугацааны шугам, баримтуудын жагсаалт зэргийг ашигласан хоёроос дээш секцтэй байна. Үйл явдлын үргэлжлэл болон өсөлт бууралт - Энэ тохиолдолд тоон баримт ашиглахгүй байж ч болно Дүрсэн илэрхийллийн хувьд хоёр ангилдаг. Дата мэдээллийн агуулга болон нийтлэх хэрэгслээс шалтгаалан дүрсний хэлбэрийг сонгодог. Тогтсон - ямар нэгэн дүрслэлийн хөдөлгөөнгүй буюу зурган хэлбэртэй. Үүнийг ихэвчлэн сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигладаг. Хөдөлгөөнт - хөдөлгөөнт төрөл бүрийн дүрс буюу визуал ашигласан инфографик. Үүнийг мэдээллийн сайт, цахим хэвлэл, телевизэд ашигладаг. Инфографикийг агуулгын хувьд гурав ангилдаг. Дүн шинжилгээ хийсэн –Эдийн засгийн үзүүлэлтүүдийг харуулахдаа ашигладаг. Мэдээллийн - тодорхой мэдээллийг хүргэхэд ашиглана. Тоймлосон – Үйл явдлын өмнөх мэдээллийг багтааж цаг хугацаа орон зайн хязгаарлагдмал бус хүрээнд мэдээлнэ. Инфографикийг шинжлэх ухаан, сэтгүүл зүйн бүтээл болон цаг агаарын мэдээ, газрын зураг зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй энгийн мэдээллийг дамжуулахад ихэвчлэн ашигладаг. Зорилго, мэдээллийн агуулга, хүлээн авагч зэргээс хамааран дараах гурван шалгуурыг чухалчилж үздэг. Үүнд: сонирхол татах байдал; мэдээллийн багтаамж, эргэн дурсагдах чанар орно. Сонирхол татах байдал гэдэг нь хүлээн авагчийн анхаарлыг өөртөө татах шинж юм. Мэдээллийн багтаамжид хүлээн авагч инфографикийн өгүүлж буй санааг ойлгох боломжийг илэрхийлж байна. Эргэн дурсагдах чанар гэдэг нь уншигч инфографикаас хүлээн авсан мэдээллээ тодорхой хугацааны дараа санаж байх нөхцлийг илэрхийлдэг. Энэ гурван шинжийг ямар дараалалтайгаар бүрдүүлэх нь инфографикийг ашиглах зорилготой шууд холбоотой. Хэрвээ инфографикийг шинжлэх ухааны буюу мэдлэг өгөх зорилгоор ашиглах гэж байгаа бол мэдээллийн багтаамж, эргэн дурсагдах шинж, сонирхол татах байдал гэсэн дарааллаар инфографикийг бүтээдэг. Харин сэтгүүл зүйд ашиглах тохиолдолд уншигчийн сонирхол татах байдлыг чухалчилж үзнэ. Өөрөөр хэлбэл дизайн чухал үүрэгтэй. Дараа нь, мэдээллийн багтаамж, эргэн дурсагдах чадвар гэсэн дарааллыг харгалзаж инфографикийг бэлтгэнэ. Техник технологи хөгжихийн хэрээр инфографик мэдээллийг бэлтгэх нь улам бүр хялбар болж байна. Цахим орчинд ашиглахад хялбар, ухаалаг, олон төрлийн цэс, зориулалт бүхий үнэгүй хэрэгслүүд их бий. Тэдгээр хэрэгслийг зөвхөн дизайнерууд гэлтгүй сэтгүүлчид ашиглаж сурах хэрэгтэй. Стенфордын их сургууль, Колумбын их сургууль, Лондонгийн их сургууль, ХонгКонгийн их сургууль зэрэг маш олон сургууль сэтгүүл зүйн хичээлийн хөтөлбөртөө инфографик бэлтгэх, дататай ажиллах, датаг “амьдруулах”, визуал хэрэгслүүдтэй харьцах талаарх хичээлийг багтаасан байдаг бөгөөд бакалаврын 2-3 түвшний ангид ордог. Мөн The Way Things Work зэрэг инфографикийн мэдээллийг бэлдэх, графикт оруулах талаарх олон ном зохиол хэвлэгдсэн байдаг. Инфографик сэтгүүл зүйтэй холбогдох гүүр нь дата сэтгүүлзүй юм. Дататай ажиллаж, түүнээс гарсан дүгнэлтийг инфографикаар дамжуулан уншигчдад хүргэдэг. Иймээс сэтгүүл зүйн туслах хэрэгсэл болохын хувьд инфографик нь үнэн бодит байх нь зайлшгүй. Дата мэдээллээ баталгаатай, албан ёсны эх сурвалжаас авах тухай дээр өгүүлсэн. Жишээлбэл: төр, засгийн газар; олон улсын байгууллага болон нэр хүндтэй байгууллагуудын албан ёсны веб хуудас, тараах материал, товхимол зэрэг нь баталгаатай эх сурвалжид хамаардаг. Цуглуулсан дата мэдээлэлтэй танилцаж, ойлгоход сэтгүүлчээс сэдвийн талаарх тодорхой хэмжээний мэдлэгийг шаарддаг. Цуглуулсан дата “түүхий” байх нь элбэг тул өгөгдлийг ашиглахын тулд “цэвэрлэх”, хэрэгтэй мэдээллээ түүхэд “MS-Excel” зэрэг түгээмэл программ ашигладаг. Үүнээс гадна “OpenOffice”, “LibreOffice” зэрэг програмуудыг ашиглах нь бий. Бэлтгэсэн датандаа дүн шинжилгээ хийж, инфографикийн гол санааг тодорхойлно. Боловсруулсан статистик өгөгдөл нийтлэлийн гол цөм болдог. Датагаа харуулахдаа тохирсон график, визуал дүрслэлийг ашиглана. Эс тэгвээс уншигч, хүлээн авагчдад тодорхой мэдээлэл хүргэж чадахгүй, төөрөгдөлд оруулах, мэдээллийн ач холбогдлыг бууруулах зэрэг үр дагавар гарна. Инфографикийн агуулга, гол санаа, оруулах мэдээллийг бэлтгэсэн бол дүр дүрслэл, дизайныг бодох хэрэгтэй. Инфографик бие даасан болон нийтлэлийн гол санааг дэмжсэн хоёр янзаар бэлтгэгддэг. Инфографикийн мэдээлэл ойлгомжтой, үнэн бодит, шинэлэг байх үндсэн гурван шалгууртай. Дата, түүний тайлбарыг зөв өгөхгүй бол уншигч ойлгохын тулд их цаг зарцуулахаас гадна тэдэнд төвөгтэй санагдаж болзошгүй. Инфографик ойлгомжтой байх шалгуурыг биелүүлэхгүй бол хүлээн авагчийн анхаарлыг татаж чадахгүй бөгөөд инфографик хийсний ач холбогдол үгүй болдог. Мөн сүүлийн үеийн шинэлэг дата мэдээлэл нь уншигчийн сонирхлыг татахаас гадна нийтлэлд үнэ цэнэ нэмдэг. Нью-Йоркийн Их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн оюутнууд өнөөгийн дэлхий дахины сэтгүүл зүйн хандлагыг судалжээ. Тэдний судалгаанаас “Хэрэглэгчид мэдээ мэдээллийг гар утаснаасаа авч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл (бүтээгдэхүүн) үйлдвэрлэх, хянах эрх мэдлээ алдаж, бизнес моделууд илүү том экосистем руу шилжиж байна. Ухаалаг хэвлэл мэдээллийн компаниуд бүтээгдэхүүн дээр төвлөрч, мэдээллийн урсгалыг хэрхэн өөрийн гарт төвлөрүүлсэн хэвээр байх талаар эрэлхийлж, ухаалаг редакциуд хөдөлмөрийн үйл явцыг инженерчилж, робот сэтгүүлчдийг туршиж байна. Энэ хооронд сэтгүүлчид дата нь илүү сайн нийтлэлийн сэдэв, түүх хайж олоход туслахыг ойлгож, автоматчилалтай нөхөрлөж эхэллээ. Тэд хэрэглэгчдэд суурилсан мэдээллийн үйлдвэрлэл хөгжихийг ойлгосон бөгөөд үйл явдлын мэдээллээс илүүтэй тайлбар мэдээ хүлээн авагчийн сонирхлыг татаж байгааг ойлгож байна” http://projects.nyujournalism.org/newsliteracy2016/ гэсэн үр дүн гарсан байна. Энэхүү судалгаа нь цаг үедээ нийцсэн, үр дүнтэй болсон гэж миний хувьд үзэж байна. Үүнээс гадна инфографик дээрх хэрэгцээ, шаардлагыг хангаж байна. Жишээлбэл: Ухаалаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл үйлдвэрлэлд анхаарч буй нь инфографикаар илэрч байна. Статистикийн тоо баримтыг тухай өгүүлсэн инфографикийн агуулгыг нийтлэл болгон бичвэл уншигчдын сонирхлыг татах нь бага бөгөөд уйтгартай байна. Үүнээс гадна бичгээр өгүүлсэн статистикийн дүн уншигчдад дүр төсөөлөл үзүүлэх чадвар багатай байна. Харин үүнийг инфографикаар үзүүлснээр харьцуулсан график, диаграммын тусламжтайгаар уншигчдад илүү тодорхой, ойлгомжтой мэдээлэл болон хүрдэг. Дэлхий дахин болон монголд инфографик мэдээллийн цар хүрээ өргөжин тэлж, хурдацтай хөгжиж, ач холбогдол улам бүр нэмэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгт, хэрэгсэл ихээр бий болсон. Урьд өмнө нь дата мэдээлэл бол зөвхөн статистикчийн авч үзэх зүйл байсан. Учир нь зөвхөн тэд датаг ойлгож, анализ хийх суурь түвшний ойлголт, чадвартай байв. Харин одоо бүх компьютер “MS Excel” программтай. Түүнээс гадна интернэт орчинд хангалттай их ухаалаг нэмэлт хэрэгслүүд бий болсон. Датадаа анализ хийсний дараа түүнийг “амьдруулж”, илүү ойлгомжтой, тодорхой, хүлээн авагчийн анхаарлыг татахаар болгох үнэгүй хэрэгслүүд маш их бий. Хамгийн их хэрэглэгддэг нь “Google Fusion Tables”, “Datawrapper” бөгөөд эдгээр хэрэгслийг ашиглан хэн ч, хэзээ ч инфографик, газрын зураг, график дүрслэл хийж болдгоороо давуу талтай. Мөн олон нийтэд зориулсан номын сан, үнэгүй статистикийн хэрэгслүүд бий болсон. Дэлхий нийт даяаршиж хил, хязгааргүй болж байгаагийн адил дээрх хэрэгслүүд дэлхий нийтэд нөлөөлж, нэгтгэж, нэгэн тосгон болгож байна. Хоёрт: дата хүн бүрт нээлттэй болсон. Дэлхийн улс орон бүрийн засгийн газар мянга мянган судалгааны материал, статистикийн тоо баримтыг нийтэд дэлгэснээр хүн бүрт асар их дататай холбогдох хаалгыг нээсэн. Ардчилсан, нээлттэй засаглалаас ардчилсан бус, хаалттай засаглал хүртэл бүх улс энэ тал дээр анхаарч байна. Нийтэд дэлгэсэн материал нь албан ёсны бөгөөд олж авахад хялбар байдаг хэдий ч ихэнх хүний хувьд тэдгээр асар их датаг ухаж ойлгоход хүндрэлтэй байдаг. Статистик мэдээ мэдээллийг цуглуулах, анализ хийхэд мэдээж татвар төлөгчдийн халааснаас мөнгө гардаг ч тэдгээр “захиалагчид” өөрсдөө датагаа ухаж ойлгож чадахгүй байгаа нь шударга бус асуудал юм. Энэ асуудлыг дата сэтгүүл зүй, инфографик мэдээлэл шийдэж байгаа учир олон нийт инфографик мэдээллийг сонирхон уншиж байна. Гуравдугаарт, хүний тархины үйл ажиллагаа тал хувь нь хараанаас хамааралтай ажилладаг. Нүд бол тархитай хамгийн нягт ажиллагаатай эрхтэн юм. Тархинд ирж буй мэдээллийн ерэн хувь нь нүдээр дамжин хүрдэг. Хүн төрөлхтний 65 хувь нь нүдээр харсан мэдээллээ түргэн хүлээн авдаг. Инфографик нь агуулгыг график байдлаар хүргэдэг учир хэн ч харсан шууд ойлгох боломжтой байдгаараа онцлог. Илэрхийлэн харуулахад хүндрэлтэй статистик тоо баримт, их хэмжээний датаг хүнд хүргэх хамгийн товч, ойлгомжтой, сонирхолтой арга бол инфографик юм. Цогц мэдээллийг хурдан бөгөөд ойлгомжтой байдлаар хүмүүст хүргэхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл учир сэтгүүлч нар энэхүү туслах хэрэгслийг хэрэглэх сонирхолтой болсон. Дээрх гурван шалтгааны улмаас инфографик өргөн дэлгэрч байна. Дээр өгүүлсэн судалгаа, онолын баримтуудыг нэгтгэн инфографикийн ач холбогдлыг дараах байдлаар ерөнхийд нь томьёоллоо. Датаг илүү анхаарал татам болгодог. Хэрвээ тухайн датаг онцлолгүй, нийтлэл байдлаар бичсэн бол уншигчийн сонирхлыг татахгүй байх эрсдэлтэй. Илүү үнэ цэнэтэй санааг дамжуулдаг. Энэ нь мэдээллийг хүнд илүү ойлгомжтой байдлаар хүргэдэг тул уншигч бодит нөхцөл байдлыг ойлгож, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлдэг байна. График, дүрслэлийн тусламжтайгаар хүний анхаарал татаж чаддаг. Уншигчид дотор нь ямар мэдээлэл агуулсан талаар сонирхож, илүү анхаарал хандуулан уншдаг. Инфографик нь датаг хялбар, бүрэн гүйцэд ойлгоход тусалдаг. Инфографикийн нэг том ач холбогдол нь олон хуудас дата тайлан харж толгойгоо ажиллуулах шаардлагагүй бүгдийг нэг л зурганд ойлгомжтой байдлаар тайлбарласан байдаг. Уйтгартай байдлыг багасгана. Инфографик нь тухайн дата мэдээллийг бүгдийг нь оруулах биш хамгийн сонирхолтой, ач холбогдолтой гэж сонгосон мэдэээллийг л ашигладаг. Тогтоогдох нь амархан. Дата тоог уншсанаас графикт оруулсан байх нь хүнд илүү удаан тогтоогддог. Хүн ч харсан зүйлээ илүү цээжилдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Итгэн үнэмшүүлэх чадвар сайн. Одоо хийгдэж байгаа инфографикууд нь ихэвчлэн компьютерт тохируулж хийж байна. Гэтэл уншигчид ухаалаг утас хэрэглэж, мэдээллээ ч гар утаснаасаа авах сонирхолтой болсон. Тиймээс хөдөлгөөнгүй болон хөдөлгөөнт инфографикийг гар утсанд тохируулан хийх шаардлагатай нүүр тулж байна. Ингэснээр уншигчдын тоог нэмэхээс гадна, үр өгөөж нь ч нэмэгдэнэ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд инфографикийг хэрэглээд хоёр жил болж байна. Хөгжлийн үе дээрээ явж байгаа учир алдаа оноо их гарсан нь ажиглагдсан. Энэ тухай хоёрдугаар бүлэгт дэлгэрэнгүй үзнэ. Инфографик нь хөгжлийн ид үе дээрээ явж байгаа бөгөөд онолын судалгаа хийхэд хүндрэл гарч байв. Учир нь, интернэт орчинд инфографикийн тухай үнэгүй ном ховор. Судлаачдын хэлсэн үг, зөвлөмж, санал шүүмж зонхилж байв. Монголд инфографикийн тухай судалсан бүтээл хараахан олдоогүй болно. Иймээс ХонгКонгийн их сургуулийн онлайн хичээлд үзсэн мэдлэгээ ашиглан энэхүү дэд бүлгийг бичлээ. Эх сурвалжийн хувьд дутагдалтай тал илрэхийг хүлээн зөвшөөрч байна. Одоо дэлхий нийтэд түгэн тархаж, олон түмэнд нөлөөлж, инфографик мэдээллийг үүсгэж буй дата сэтгүүлзүйтэй танилцъя. Дата сэтгүүл зүйн түүх, хөгжил Дата сэтгүүл зүй бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг чиглэл юм. Хурдтай хөгжиж, шинэчлэгдэж буй энэ чиглэлээр сэтгүүлч бүр дагнан мэргэших боломжтой. Дата сэтгүүл зүйг Жон Сноу (John Snow) гэгч эмч үүсгэсэн гэж үздэг. 1850-аад онд дэлхий дахинд холер өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байсан. Сноу эмч холера өвчний учир шалтгаан, халдварлах зам, эрсдэлийг тооцоолохын тулд судалгаа хийж, газрын зураг бүтэсэн нь өнөөдрийн дата сэтгүүлзүйн эхлэлийг тавьсан аж. Түүний газрын зургаас хүмүүс вирусын талаар тодорхой мэдээлэлтэй болсон төдийгүй сэтгүүл зүйд нэгэн шинэ өнгө төрх орж ирсэн нь визуал юм. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг чиглэл, компьютерийн тусламжтай сурвалжлага (Computer Assisted Reporting) буюу өнөөгийн дата сэтгүүл зүйн урьдач нөхцөл болсон юм. Компьютерийн тусламжтай сурвалжлагын эцсийн бүтээгдэхүүн нь инфографик болон илэрдэг. Өөрөөр хэлбэл инфографик нь дата сэтгүүлзүйн эцсийн бүтээгдэхүүн болон гардаг юм. Дата сэтгүүл зүй нь 1950-аад оноос эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн. Хөгжлийн эхэнд дата нь сэтгүүл зүй зүй ёсоор мөн үү? гэсэн асуултын дагуу маш их маргаан мэтгэлцээн гардаг байсан. Харин 2009 онд дата сэтгүүлч Адриан Холовати энэ асуултад дараах байдлаар хариулжээ. Хэнд хамаатай юм? Миний өрсөлдөгчид энэ асуудал дээр аль болох их хугацааг дэмий үрээсэй http://www.holovaty.com/writing/data-is-journalism/ . “Викиликс” (Wikileaks), “Их Британийн парламентын гишүүдийн зарцуулалт”-ын талаарх скандал (MP`s expenses) зэрэг дата сэтгүүл зүйн сонгодог жишээ гарч ирсний дараа дээрх асуулт “Та нар хэрхэн дата сэтгүүл зүйг хийдэг юм бэ” болон хувирсан юм http://www.theguardian.com/news/datablog/2011/jul/28/data-journalism . “Викиликс” (Wikileaks) нь дата сэтгүүл зүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн том нөлөө үзүүлсэн. Өөрийн сайт дээр зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан буюу нууцын зэрэглэлд хамаарах ёс зүй, улс төр болон түүхийн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авч нийтэлдэг ашгийн бус байгууллага юм http://www.wikimon.mn/content/1521.shtml . “Их Британийн парламентын гишүүдийн зарцуулалт” (MP`s expenses) нь улс төрчдийн сүүлийн жилүүдэд зарцуулсан хөрөнгийн жагсаалтыг 2009 онд нийтэд дэлгэсэн юм. Дээрх хоёр жишээ нь олон нийтийн дунд маш их шуугиан тарьж, нэр холбогдсон улс төрчид ажлаа өгч, ял хүртэл эдэлж байсан. Үүнээс дата сэтгүүл зүйн ач холбогдол, цар хүрээ, багтаамжийг харж болох юм. Дата сэтгүүл зүйг дата буюу өгөгдөлтэй ажилладаг сэтгүүл зүй гэж энгийнээр томьёолж болно. Гэхдээ энэ хангалттай биш. Зарим хүмүүс дата бол хүснэгтэд байршуулсан тооны цуглуулга гэж боддог. “Дата” болон “сэтгүүл зүй” хоёул маргаантай салбар http://datajournalismhandbook.org/1.0/en/introduction_1.html учир нэгдсэн томьёолол гарахад хэцүү. Дата сэтгүүлч, “Баримт бол ариун нандин зүйл” (Facts are sacred) номын зохиолч, Гүүгл (Google), Твиттер (Twitter) компанийн дата мэдээллийн багийн эрхлэгч Саймон Рожерсийн дата сэтгүүлзүйг дараах байдлаар томьёолжээ. Дата сэтгүүл зүй бол тоог ашиглан уншигчдад мэдээллийг хамгийн боломжтой хувилбараар хүргэх урлаг. Энэ нь математикийн томьёо, график, кодны тухай биш юм. Харин дээрх бүгдийг ашиглан хамгийн түрүүнд мэдээллийг хүргэх тухай билээ. Үг сонголтон дээр толгойгоо гашилгах шаардлагагүй. Дата таны өмнөөс ярина. Дата сэтгүүл зүйн ашиглах хэрэгсэл цаг явах тусам маш хурдацтайгаар өөрчлөгддөг. Үүнийг дагаад датад анализ хийх, түүнийг мэдрэхэд туслах, хэрэглэхэд хялбар, тоо томшгүй ухаалаг хэрэгсэл бий болсоор байна. Хамгийн чухал нь, дата сэтгүүл зүй гэнэт бий болоогүй, цаг хугацааны явцад бүрэлдэн хөгжиж буй амьд зүйл юм. Дата нь сэтгүүл зүйд томоохон өөрчлөлтийг авчирсан. Сэтгүүл зүйн энэ чиглэл дата буюу өгөгдлийн цуглуулгыг ашиглан бичсэн түүх, өгүүлэг, нийтлэлээс бүтдэг. Дата сэтгүүл зүйн гол төлөөлөл бол Их Британий алдартай сонин Де Гуардиан(The Guardian) юм. Мөн БиБиСи (BBC), Файненшил Таймс (Financial Times) зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Скандинавын орнууд, Франц, Испани зэрэг улсуудын тогтмол хэвлэлд өгөгдөл дээр тулгуурласан сонирхолтой нийтлэлүүд гардаг байна. Сэтгүүл зүйн энэ чиглэл ардчилсан засаглалтай барууны орнуудад өндөр хөгжих боломжтой. Гэхдээ хэвлэл мэдээллийн эрх чөлөө боогдмол Хятад улсад ч дата сэтгүүл зүй хөгжиж эхэлсэн нь дэлхий нийтэд үлгэр дуурайл болж байна. Дата сэтгүүл зүй хүрээгээ тэлж эрэн сурвалжлах сэтгүүл зүй илүү хөгжих үндэс болсон. Улмаар тоон баримт, чанартай мэдээ зэрэг өгөгдөл нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд өргөн хэрэглэгдэх болжээ ЮНЕСКО. Сэтгүүл зүйн боловсролын сургалтын хөтөлбөрийн загвар. ЮНЕСКО., 2015. x.23. Сэтгүүл зүйн шинэ эринд контент боловсруулагчид дижитал мэдээллийг ашиглаж, уламжлалт сэтгүүл зүйн хандлагыг халж, бүрэн цогц хэмжээний мэдээлэл өгөхийн тулд ажиллаж байна. Засгийн газар, төрийн мэдээллийн сайт, нутгийн удирдлагын газар, олон улсын байгууллага, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллага, судалгааны хүрээлэн, нийгмийн сүлжээ, хүн зэрэг эх сурвалжаас дата цуглуулснаар дата сэтгүүлчийн ажил эхэлнэ. Цуглуулсан датаг ойлгохын тулд цэвэрлэж, хэрэггүй хэсгийг хасч, уншигчдад сонирхолтой, үр өгөөжтэй байх датаг олж авахын тулд компьютерийг ашигладаг. Итгэн үнэмшүүлэх чадвартай мэдээлэл нийтлэхийн тулд дата болон эх сурвалжийг үнэн зөв, баталгаатай, шинэлэг эсэхийг заавал шалгаж үздэг. Бирмингхам Хотын Их сургуулийн (Birmingham City University) профессор Паул Брадшав (Paul Bradshaw) “Дата нь дата сэтгүүл зүйн эх сурвалж, бас хэрэгсэл байж чадна. Эх сурвалжтай ижил датад үл итгэж, шалгах хэрэгтэй. Хэрэгсэлтэй адил датаг ашиглан хэлбэржүүлж, хязгаарлаж болно.” гэж үзсэн байна. Интернэт бий болоогүй байсан үед сэтгүүлчдийн ажлын хэрэгсэл нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг, дуу хураагуур байсан. Ном, хүн хоёр мэдээллийн эх сурвалж байсан. Зөвхөн санхүү, эдийн засаг, спорт зэрэг зайлшгүй тоог ойлгох харьцдаг салбарт датаг ашигладаг байжээ. Өнөөгийн санхүүгийн хамгийн том хэвлэл Волл Стрийт Жоурнал сонин Доу Жонс санхүүгийн фирмийн үйлчлүүлэгчдэд өдөр тутмын хувьцааны арилжаа, санхүүгийн зах зээлийн талаар товч мэдээлэл өгөхийн тулд 1883 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үедээ хэвлэмэл хуудас байсан бол өдгөө Волл Стрийт Жоурнал болтлоо хөгжжээ. Спортын сэтгүүлч нар ч өдөр тутмын үйл ажиллагаандаа датаг хэрэглэсээр ирсэн. Жишээ нь, бөх тайлбарлагчид бөхийн үзүүлсэн амжилт, товч намтар гээд олон зүйлийг мэддэг байх шаардлагатай. Дата гэдэгт зөвхөн статистик тоо баримт орохгүй гэдгийг дээрх жишээ харуулж байна. Харин орчин үед нэг үйл явдал болоход маш олон мэдээллийн хэрэгслээр түгж, олон гэрч, үзэл бодол, шүүлтүүр, цензурээр үзэгч, уншигчдад хүрдэг болсон. Тиймээс л дата сэтгүүл зүй чухал юм. Бидний “нүдэн дээр” болж байгаа үйл явдлын жинхэнэ учир шалтгаан, үр дагаврыг тогтоохын тулд датаг цуглуулж, шүүж, үнэн мөнийг тогтоох шаардлага тулгарч байна. Хүний өглөө уудаг ус, цай, кофе – өдөх тутмын амьдралд анзаарагддаггүй энгийн зүйл шиг харагддаг. Гэвч энэ нь дэлхийн эдийн засаг, байгаль орчин, үйлдвэрлэгч зэрэг томоохон секторуудтай шууд хамааралтай зүйл. Энэ холбоо хамаарлын хэлийг дата гэдэг. Дата сэтгүүлчид энэ мэтчлэн ажилгүйдэл, ядуурал, утаа зэрэг бидний эргэн тойронд өрнөж буй асуудлуудын учир шалтгааныг олохын тулд датаг ашиглан, анализ дүгнэлт, прогноз гаргадаг. Асуудлыг зөв өнцгөөс харвал ямар ч зүйл дата сэтгүүлзүйн обьект болох боломжтой. Гэхдээ сэдэв бүр дата сэтгүүл зүйн судлагдахуун болж чадахгүй. Тиймээс дата сэтгүүлчид шинэ ажил эхлэхийн өмнө дараах асуултыг өөртөө тавьдаг. Энэ сэдэв дата сэтгүүл зүйн хөндөх асуудал мөн үү? Яагаад гүнзгий судлах ёстой вэ? Энэ үйл явдал ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг агуулж байна уу? Хүмүүсийн шууд ойлгохгүй үйл явдал болоод байна уу? Энэ асуудалд өмнө нь хэн нэгэн олж хараагүй өнцөг бий юу? Уншигчид энэ асуудлыг тоох болов уу?” Энэ асуудлыг хөндсөнөөр хэн нэгэн эрх мэдэл, улс төрчийн, эсвэл томоохон байгууллагуудын эрх ашигтай зөрчилдөж байна уу? Эдгээр асуултад “тийм” гэсэн хариулт өгөх шаардлагатай. Сэтгүүлчид дататай ажиллахын тулд маш их цаг, эрч хүч, хөдөлмөр зарцуулдаг болохоор анхнаасаа зөв сэдвээ сонгох нь зүйтэй юм. “Хамгийн түрүүнд мэдээл, гэхдээ зөвийг мэдээл” хэмээх Юнайтед Пресс Интернэшнл мэдээллийн агентлагийн үзэл баримтлал дата сэтгүүл зүйн зорилго, үйл ажиллагаатай тохирдог. Дата сэтгүүлчдийн зорилго мэдээллийг хамгийн түрүүнд хүргэхээс гадна яг юу өрнөж буйг мэдээллэх юм. Сэдвийн хүрээ өргөн байж болно. Дараагийн санхүүгийн хямрал одооноос эхэлж байна. Бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний цаадах эдийн засаг. Ажилгүйдэлд өртсөн хүмүүсийн мэдээллийг нас, хүйс, боловсролын түвшинд хамааруулан гаргах. Төсвийн мөнгийг буруу ашиглаж байна зэрэг дата сэтгүүлчдийн оролцож болох сэдэв мундахгүй. Тиймээс л сэтгүүлчид датаг боломж гэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид датаг хүн бүрт хамааралтай, ойлгомжтой байлгахаар хувиргана гэсэн үг. Үймээн самуун, улс төрийн маргаан мэтгэлцээн зэрэг томоохон асуудлыг задалж, хүн бүрт тухайн асуудал ойлгомжтой байхаар болгож чадна. Хайх, цэвэрлэх, визуал болгоход дадлагаших нь сэтгүүлчийг хөрвөх чадвартай болгодог. Мэдээлэлтэй ажиллаж гаршсан сэтгүүлчийн гараас гарсан нийтлэл, материал анализ дүгнэлт сайтай, баримттай, илт бусдаас ялгарч харагддаг. Чамин үе, цэцэн үгсийн оронд датаг ашигласнаар сэтгүүлчийн бүтээл илүү хүчтэй, нөлөөтэй, чанартай болж, сэтгүүл зүйд хувь нэмрээ оруулна. Дата сэтгүүл зүйн бусад сэтгүүл зүйгээс ялгарах онцлог гэвэл цуглуулсан өгөгдлөө хүнд ойлгомжтой байдлаар хөрвүүлэх шаардлагатай болдог. Жишээ нь: Ямар нэгэн нийтлэл бичихдээ эхлээд өөрийнхөө туршлагаас гол баатраа сонгон түүний хэлсэн үгнээс ишлэл авна. Үүнд: ядуурлын түвшин; гэмт хэргийн гаралт; дэлхийн дулаарал; агаарын бохирдол зэргийг статистикаар үзүүлж болох юм. Шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүдийн хэлсэн сонирхолтой ишлэл болон статистикийг ашиглаж болно. Хуучны аргаар бол хэн нэгнээс ярилцлага авч түүгээрээ өгөгдөл цуглуулдаг байсантай ижил. Асар их мэдээллийн дундаас бид хүссэнээ онилж, цуглуулах боломжтой. Интернэт орчин дахь асар их мэдээллээс зөвийг шүүж цуглуулахаас гадна боловсруулах нь чухал болоод байна. Мэдээллийг боловсруулахад дараах байдлаар хийдэг. Зогсолтгүй үргэлжлэх мэдээллийн урсгал дундаас өөрт хэрэгтэй, ашигтай мэдээллээ сонгон авч, анализ хийх Тэдгээр мэдээллийн юу чухал болох, бидэнд ямар хамааралтайг уншигчдад тайлбарлан, таниулах Түүнчлэн, дата сэтгүүлчид ирээдүйн хандлагыг тодорхойлох чадварт суралцдаг. Өнөөгийн нийгэмд монголд төдийгүй дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажилтнаа цомхотгож, бүр хаалгаа барих үзэгдэл их гарч байна. Үүнийг дагаад сэтгүүлчид байгууллагын олон нийттэй харилцах ажилтан гэдэг ажил руу хөрвөж байгаа. Харин дата сэтгүүлч, шинжээчдийн орон зай зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт бус бизнесийн томоохон компаниудад өсч байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа компани, байгууллагууд дататай харьцаж, гүн рүү нь орж, ухаж төнхөж, түүнээс хүссэн мэдээллээ олж чаддаг, мэргэжлийн “sensemaker”-ийг ажиллуулах хэрэгцээ шаардлагатай болсон. Тиймээс ч сүүлийн үед дэлхийн томоохон редакцууд хурдхан шиг сонины нүүр, вебсайтаа чанаргүй мэдээллээр дүүргэчихдэг сэтгүүлчээс илүүтэй датаг ашиглан нэг асуудлыг гүн гүнзгий судалж, бүтэн долоо хоногийг зарцуулж чадахаар мэргэжлийн, чадвартай чөлөөт сэтгүүлчид мөнгө төлөхийг илүүд үздэг болсон. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарт гарч буй нааштай өөрчлөлт юм. Дататай ажиллах нь асар уудам, үл мэдэгдэх газар нутаг руу нэвтэрч байгаатай адил. Анх харахад боловсруулаагүй дата нь нүд, тархи гашилгана. Сэтгүүлчдийн цуглуулдаг дата асар өргөн хүрээг хамарсан байх нь бий. Энэ их мэдээллийг хэлбэрт оруулж, цэгцэлнэ гэдэг амаргүй ажил. Уйтгартай, боловсруулаагүй дататай “танилцаж”, түүний ард нуугдаж буй зүйлийг олж харах ажлыг туршлагатай сэтгүүлч л хийж чадна. Францын “WeDoData” сайтын “Le Pariteur” буланд нь эрэгтэй, эмэгтэй хүний цалинг харьцуулсан маш олон мэдээллийг цуглуулж, сонирхолтой инфографик хийсэн (Le Pariteur changez le sexe de votre fiche de paie) нь маш их амжилтад хүрч, 2016 онд Дата сэтгүүл зүйн дээд шагналыг хүртсэн (Data Journalism Awards). Асуудлын бодит нөхцөл байдал, шалтгаан үр дагавар, ирээдүйн чиг хандлага, гарах гарцыг хайн олохын тулд олон нийтийн дунд нээлттэй байдаг датаг цуглуулан нэгтгэж, задлан шинжлэх үйл ажиллагаа хийдэг. Дата нь хүмүүст өөрийн эргэн тойрноо “өөр нүд”-ээр харахад тусалдаг. Хүмүүс агаарын бохирдлын талаар маш их санаа зовж, бухимдаж, мэтгэлцдэг хэдий ч агаарын бохирдол юунаас болж үүссэн, хэрхэн зохицуулах, хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг, үүнийг бууруулахад дан ганц төр засаг оролцох хэрэгтэй юу, иргэдийн оролцоо хэрэгтэй юу зэрэг олон талын, цогц мэдээлэлтэй хүн байдаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч дорвитой мэдээлэл өгдөггүй. Өглөө гэхэд мэргэжлийн үг хэллэг хэрэглэж, уйтгартай маягаар бичдэг нь уншигчдад сэтгэгдэл төрүүлж, анхаарлыг татаж чаддаггүй. Харин дата сэтгүүл зүй энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Дээрх бүх асуултад гүн гүнзгий хариулт өгөхөөс гадна уншигчдад сонирхлыг татаж чадна. Агаарын бохирдлын тулгамдсан асуудлын талаар судлахын тулд олон жилийн агаарын бохирдлын шинжилгээ, хүний эрүүл мэндэд нөлөөлсөн үзүүлэлт, бусад орны туршлага зэргийг хайж, мэдээллийг олно. Дата сэтгүүл зүй нь олон нийтийн нүдэн дээр болж байгаа ч анхаарал татдаггүй сэдвүүдэд тоо баримт ашиглан, “амь өгч” чаддаг. Бүх сэдвийн хүрээ ямар нэг хэмжээгээр дата агуулна. Датад суурилсан нийтлэлийн нэгэн сайн жишээ бол “Pro-Publica” сайтын “SOPA” төсөл (SOPA Opera: Which legislators support SOPA and PIPA?) юм. Тус нийтлэлд сэтгүүлчид сэдвийн дагуу боломжит бүх датаг цуглуулсан нь харагдана. Нийтлэлд SOPA-д нэр дэвшигчдийн сонгуульт ажлаас авхуулаад Конгрессийн гишүүдийн байр суурь, намтрыг хүртэл оруулж өгсөн байдаг. Сонгуулийн үр дүн дата сэтгүүлчдэд маш баялаг эх сурвалж болдог. Ассошиатед Пресс (Associated Press) мэдээллийн агентлагийн сэтгүүлч Нейт Силвер (Nate Silver) зэрэг дата сэтгүүлчид түүн дээр тулгуурлан олон сонирхолтой өнцгийг агуулсан визуал дүр хэлбэртэй нийтлэл бичсэн байдаг. АНУ-ын 2012 оны сонгуулийн өмнөх судалгаан дээр анализ хийн прогноз гаргасан бэлтгэсэн тэдний бүтээл (Election Trends) их алдартай. Де Гуардиан (The Guardian) сонины Датаблог (Datablog) нь мөн сэдвийн дагуу мэдээлэл цуглуулж, уншигчдад суурь мэдээлэл өгөхөөс гадна дата эх сурвалжийг илүү нээлттэй болгож өгдөг. Тэд хүн бүрийн ашиглаж болохуйц, энгийн, үнэгүй дата визуал хэрэгслийг ашигладаг. Жишээлбэл: “Google fusion”; “Datawrapper” зэрэг үр дүнтэй хэрэгслүүдийг ашигласан байдаг. Дээрх хэрэгслүүд датаг визуал дүр хэлбэрт оруулахаас гадна хүснэгтийг “уншиж” чаддагаараа давуу талтай. Уэльс Онлайн (Wales Online) сайтын сэтгүүлч Клайре Миллер (Claire Miller) асрамжийн газрын хүүхдүүдийг өргөж авч буй тухай эрэн сурвалжилж, өмнөх онуудад гаргасан статистик тоо баримтанд тулгуурлан бэлтгэсэн нийтлэл (Concerns raised over Welsh children taken into care sent to live miles from their homes) олон нийтэд нөлөөлж, улсын бодлогод нөлөөлж байсан. Тус бүтээл нь мөн Дата сэтгүүл зүйн шагнал (Data Journalism Award) хүртсэн билээ. Дата сэтгүүл зүйн салбар хоёр хэсэгт хуваагдах бөгөөд тэдгээр нь сэтгүүлчээс мэдлэг болон ур чадвар шаарддаг. Нэг дэх нь аргачлал нь статистик юм. Статистик нь судалгаа материалын үр дүн байдаг бөгөөд сэтгүүлч үүнийг ойлгоход тодорхой хэмжээний мэдлэг шаарддаг. Хоёр дахь хэсэг нь цуглуулсан өгөгдлөө уншаад ойлгох. Үүнд дээр дурдсан программ хэрэгслийг ашигладаг. 2012 онд Европын Харилцаа Холбооны судалгаа ба Боловсролын Ассоциаци (ECREA)-ийн дөрөв дэх зөвлөгөөнөөр “Сэтгүүл зүйн хөгжилд зориулсан ЮНЕСКО-гийн мөрдлөг”-ийг баталжээ. Истанбулд болсон чуулганаар ‘universalizing’ буюу сэтгүүл зүйн боловсролыг нэг стандартад оруулах байдлыг шүүмжилсэн ЮНЕСКО. Сэтгүүл зүйн боловсролын сургалтын хөтөлбөрийн загвар. ЮНЕСКО., 2015. x.12. Үүнтэй уялдан ЮНЕСКО дата сэтгүүлзүй болон хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Энэ төрлийн тусгай хөтөлбөрт дата сэтгүүлзүйн хичээл багтсан бөгөөд дэлхийн сэтгүүл зүйн боловсролд тулгараад байгаа асуудлуудыг хөнджээ. Сэтгүүл зүйн томоохон сургуулиудад оюутан төвтэй, хэрэгсэл ашигласан лаборатори маягаар дата сэтгүүл зүйн хичээлийг ордог байна. Оюутнууд өөрсдөө өгөгдлөө сонгоод түүнийгээ боловсруулна. Үүнд: багштайгаа хамтран сэдэв сонгох, өгөгдлөө цуглуулах, анализ дүгнэлт хийх, эцсийн байдлаар нийтлэлээ бичих гэсэн дарааллаар явна. Орчин үед дата нь сурвалжлагын зайлшгүй байх ёстой бүрэлдэхүүн хэсэг болсон. Үүний хажуугаар хүн бүр интернетэд орж, мейлээр мэдээлэл солилцож байна. Дэлхийн эргэн тойронд байгаа хүн бүр инфографик хийж, дата ухаж байхад сэтгүүлч бид юугаараа ялгарах ёстой вэ? Бидэнд ялгагдах хоёр арга байгаа бөгөөд тэдгээр нь хоорондоо харилцан хамааралтай. Нэгдүгээрт, хүртээмжтэй байдал. Сэтгүүл зүй хэзээнээс мэдээллийг ойлгомжтой, товч тодорхой байлгах тал дээр анхаарч ирсэн. Өрөөндөө хамгийн ухаантай байх нь сайн. Гэхдээ хүн бүр чамайг ойлгодог байх нь илүү ухаалаг. Хийх арга барил, хэрэгсэлдээ бууж өгөн, хийж буй зүйлээ мартах амархан. Материалаа бэлдэх гол түлхүүр бол мэдээж дата. Гэхдээ энэ нь дата бол бүх зүйл, дата байхад л болно гэсэн үг биш. Том, алдартай статистикчид сэтгүүл зүйд ороод байдаггүй шүү дээ. Учир нь, энэ бол бидний ажил. Бид илүү сайн сэтгүүлч болох ёстой болохоос сайн статистикчид биш. Хоёрдугаарт, амин чухал зүйл бол ил тод байдал. Засгийн газар датаг олонд дэлгэлээ гээд энэ нь түүнийг автоматаар ил тод, ойлгомжтой болгочихгүй. Тэдгээр идэвхгүй датаг сэтгүүлчид, түүний баг “амьдруулж”, хэрэглээнд нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид датаг олоод, цэвэрлээд, материал болгон бэлтгэх ажлыг хийдэг. Дараагийн алхам нь түгээх. Бэлтгэсэн материалаа дэлхий нийтэд дэлгэж, дараагийн хүн үүнийг дахин ашиглах боломжтой болгох хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн датаг мэдэрч, юу шинэ соргог, анхаарал татахуйц, түүх өгүүлэхээр байна гэдгийг олж хардаг байх хэрэгтэй. Үүнийг дата сэтгүүлч л хийж чадна. Дата сэтгүүл зүйн ирээдүй ямар байх вэ? Уламжлалт сэтгүүл зүйн хаалттай ертөнц нээлттэй сэтгүүл зүйн шинэлэг ертөнцтэй нүүр тулах болно. Шинэлэг сэтгүүл зүйд бид бэлтгэсэн материалаа хэнээс ч айж эмээлгүй хүлээн авагчдаа хүргэж, тэд ч биднийг илүү сайныг хийхэд туслах болно. Хятадын дата сэтгүүлчид одоо яг ийм сонголтын өмнө ирээд байна. Шинэ сэтгүүл зүйн эрэлд гарсан зам нь тэдний улсыг өөрчлөөд зогсохгүй дэлхий нийтэд өөрчлөлтийг авчирч байна. Дата сэтгүүлзүй хөгжсөнөөс хойш дэлхий нийтийг шуугиулсан, олон түмний анхаарлыг маш ихээр татсан, сонирхолтой олон баримт, фактыг дэлгэсэн байдаг. Үүнээс жишээ дурдвал: Эдвард Сноу болон Панамын хэрэг дэлхий нийтийн анхаарлыг маш ихээр татсан. Панамын хэрэгт дэлхийн улс төрчид, төрийн тэргүүнүүд, урлаг соёлын одод нэр холбогдсон бөгөөд иргэдийн зүгээс маш их эсэргүүцлийг хүртээд байна. Дэлхий дахиныг хөдөлгөөнд оруулсан энэ хэргийг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум(International Consortium of Investigative Journalists) болон олон улсын сайн дурын эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлсэн. Нүдээ олсон сэдэв, идэвхтэй, чанартай датаг визуал байдлаар бэлтгэж чадвал дэлхий нийтийн сонирхлыг татаж болдгийг дээрх жишээ харуулж байна. Монголд дата сэтгүүл зүйн шинжтэй нийтлэл гардаг боловч энэ нэр томьёог ашиглаж, судалж эхлээд удаагүй байна. Хэвлэлийн хүрээлэн болон бие даасан судлаач нар судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байгаа ч ном бүтээл болон гараагүй байгаа бөгөөд их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ороогүй байгаа нь цаг үеэсээ хоцорсон үзэгдэл болоод байна. Ихэвчлэн гадаадын ном товхимол, гарын авлага, нийтлэлийг ашиглан судалгаагаа хийлээ. Инфографик нь дата сэтгүүл зүйн бүтээгдэхүүн болох тухай дээр өгүүлсэн. Харин монголд инфографик энэ шинжээ хадгалж чадаж байгаа эсэхийг хоёрдугаарт бүлэгт өгүүлнэ. БҮЛЭГ 2. МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ДЭХ ИНФОГРАФИК МЭДЭЭЛЛИЙН ӨНӨӨГИЙН ДҮР БАЙДАЛ, АСУУДАЛ, ХЭРЭГЛЭЭ 2.1 Уламжлалт ОНМХ дэх инфографик мэдээллийн хэрэглээ, ач холбогдол Хүмүүс завгүй болох тусам уншихад бага цаг зарцуулдаг болсон. Аль болох цаг хэмнэхийг чухалчилдаг болсон нь инфографик хурдацтай хөгжиж шалтгаануудын нэг яахын аргагүй мөн. Хэвлэл мэдээллийн салбарынхан өөрийн агуулгыг хүлээн авагчдад хүргэхийн тулд илүү бүтээмжит аргыг эрэлхийлж байгаа бөгөөд шийдэл нь инфографик юм. Монголын сэтгүүл зүйд инфографик шинэ төрөл зүйл гэдгийг М.Зулькафиль зохиогчийн 2011 онд хэвлүүлсэн “Сэтгүүл зүйн тайлбар толь” сурах бичигт “инфографик”, “дата сэтгүүл зүй” зэрэг нэр томьёоны тухай өгүүлээгүй байгаагаас харж болно. Тиймээс энэ төрлийн мэдээллийг уншигчид сонирхон уншдаг. Үүнээс гадна уран бүтээлч арга замаар бэлтгэсэн мэдээллийг хүлээн авах боломжтой болсноор интернэт орчин төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт инфографик алдаршиж байна. Гэхдээ инфографик бүр уншигчдын хүсэн хүлээсэн шиг сонирхолтой, үр нөлөөтэй байдаг чаддаг эсэх нь эргэлзээтэй. Тиймээс үүнд тавигдах шаардлагыг гаргах нь зүйтэй юм. Үүнээс гадна инфографик сонирхон, бүтээгчид олширсон. Сэтгүүл зүйн салбарынхан тэднээс ялгарах ёстой зүйл бол мэргэжлийн байдал. Сүүлийн жилүүдэд монголын хэвлэл мэдээллийн зах зээлд хүмүүсийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг судлах, сонин хэвлэлүүдийн дунд сонины өнгө үзэмж, нийтлэлийн агуулга, чанар, бичвэрийн ур чадварын төлөө өрсөлдөөн бий болж, мэдээллийн багтаамжийг сайжруулах, шуурхай чанарыг дээшлүүлэх, ашигтай, идэвхтэй мэдээллийг нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан юм Зулькафиль.М. Орчин үеийн сэтгүүл зүй боть 1. УБ., 2015. x.30. Үүнийг дагаад дэлхийн сэтгүүл зүйн тренд, чиг хандлагыг өөртөө тусган авч хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх хүчин чармайлт гаргаж буй нь харагдаж байна. Энэ үйл явцын тод жишээ бол өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүл зүйн туслах хэрэгсэл болох инфографикийг нийтлэл, нэвтрүүлэгтээ ашиглах болоод хоёр жил өнгөрч байна. Уншигч, хүлээн авагчид ч инфографик мэдээллийг соргогоор хүлээн авч, сонирхон уншиж байгаа нь харагдаж байна. Өмнөх бүлэгт өгүүлсэнчлэн инфографик мэдээллийн ач холбогдлыг тусган авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Хэлбэрийн хувьд мэдээллийг графикт шилжүүлэн, сонирхолтой байдлаар хүргэж байгаа ч агуулгын хувьд дата сэтгүүл зүйн жинхэнэ үйл ажиллагаа явуулж байгаа эсэх асуудал урган гарч ирж байна. Орчин үед “мэдээлэл” гэдэг нэр томьёог өргөн утгаар нь авч үзвэл сэтгүүл зүйн олон түмэнд хүргэж буй бүх төрлийн мэдээ материалын нийлбэр гэж үзвэл зохино Зулькафиль.М. Орчин үеийн сэтгүүл зүй боть 1. УБ. , 2015. x.173. Тэгвэл инфографик хэрэгслийг ашиглан ямар төрлийн мэдээллийг ихэвчлэн уншигчдад хүргэж байгааг судлах шаардлага үүссэн юм. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж буй өнөөгийн нөхцөлд арвилан хэмнэлт, чанар, үр ашгийн асуудал улам хурцаар тавигдаж, бага зай талбайд их юм багтаах, түүнийг чанартай өгөөжтэй болгох талаар ихэнх хэвлэл мэдээллийн газар нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод баримтлах нэг гол шаардлага болгож байна Зулькафиль.М. Орчин үеийн сэтгүүл зүй боть 1. УБ., 2015. x.180. Инфографик мэдээлэл нь их зай талбай эзлэх текстийг орлож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрийг чимж чаддаг. Тиймээс энэ шинжийг ухаалгаар ашиглах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ашигтай. Өнөөдөр дэлхий дахины сэтгүүл зүйд ашигтай мэдээллийн тоог нэмэгдүүлэх явдал тэргүүн зэргийн шаардлага болон тавигдаж байна. манай орны сэтгүүл зүй ашигтай мэдээллийн тоо ямар нэг хэмжээгээр нэмэгдэх хандлагатай боловч ашиггүй, идэвхгүй мэдээлэл давамгайлсан хэвээрээ байгааг хэлэх хэрэгтэй Зулькафиль М. Орчин үеийн сэтгүүл зүй боть 1. УБ., 2015. x.175 . Өдөр тутмын сонин нь цаг үеийн мэдээ мэдээлэл, үйл явдлыг тухай бүрт нь уншигчдадаа хүргэдэг учир дэлхийн чиг хандлага, цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлэн алхаж, инфографик мэдээллийг “өөрийншүүлсэн” нь сонирхолтой. Энэ хүрээнд судалгаа хийхээр өдөр тутмын “Өнөөдөр”, “Засгийн газрын мэдээ” сонинг сонгон авч, сүүлийн нэг жилд нийтэлсэн инфографик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, инфографик мэдээллийн өнөөгийн хэрэглээ, нөхцөл байдлын талаарх дүр зургийг бүтээхийг зорилоо. “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн инфографикийн агуулгад хийсэн судалгааны үр дүн: Монголд хамгийн түрүүнд инфографикийг хэрэглэж эхэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол “Өнөөдөр” сонин юм. “Өнөөдөр” сонины нэг сарын дугаарт дунджаар 7-8 инфографик гардаг. Ихэвчлэн дугаарын онцлох сэдвийн дагуу нэмэлт мэдлэг мэдээлэл олгох зорилготой мэдээлэл агуулсан инфографик нийтлэгддэг. Үүнээс гадна нийтлэлийн гол санааг дэмжсэн инфографик их гаргадаг. Эдийн засаг, уул уурхай, гадаад дотоод худалдаа зэрэг өргөн хүрээг хамарсан томоохон нийтлэлийг инфографикаар баяжуулж нь ажиглагдсан. Ихэвчлэн статистик тоо баримтыг инфографикаар хүргэдэг. Бие даасан инфографик нь танин мэдэхүйн шинжтэй байдаг. Агуулгын хувьд, 65 хувь нь томоохон нийтлэл, дугаарын онцлох сэдвийн гол санааг дэмжих зорилгоор хийгдсэн бол бие даасан утга агуулгатай инфографик 35 хувийг эзэлж байна. Уншигчдад танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл олгох, соён гэгээрүүлэх, зугаацуулах үүрэг бүхий инфографик мэдээлэл 28 хувийг эзэлсэн бол мэдээ баримт, тайлан дүгнэлт, статистик тоон агуулга бүхий инфографик 72 хувийг эзэлсэн байна. Үүнээс үзэхэд “Өнөөдөр” сонин нь нийтлэлийн гол санааг дэмжсэн, цаг үеийн мэдээлэлд суурилсан инфографикийг түлхүү ашигладаг нь ажиглагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарчимч шүүмжлэл өрнүүлж, ялангуяа нийгмийн удирдлагын арга барилтай холбоотой асуудлыг зориг зүрхтэй сөхөж тавьдаг болсон нь энэ үеийн нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад гарсан том өөрчлөлт юм Норовсүрэн Л.Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм., УБ. 2003. x.249 . Өнөөдөр сонин ч энэ зарчмыг баримтлан, инфографикаа бэлтгэдэг нь харагдаж байсан. “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн инфографикийн хэлбэр загварт хийсэн судалгааны үр дүн: Инфографикын авууштай тал нь энгийн визуал хэрэгслүүдийг ашиглан гол санаагаа илэрхийлэх боломжтой байдаг. Инфографикийг хэрэгцээгүй зүйлсээр дүүргэх нь хүнд санаа өгч чадахгүй бөгөөд толгой эргүүлэхээс цаашгүй. Их мэдээлэл оруулах гэж хүчилснээс энгийн цэвэрхэн хийсэн нь илүү үр дүнтэй. Гэтэл “Өнөөдөр” сонины инфографик нь эдийн засагтай холбоотой бол төгрөг, доллар зэрэг валютын зургаар “чимэглэдэг” нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Мөн визуал дүрслэл ашиглаж байгаа бол гол санааг агуулсан товч бичвэр оруулах нь зүйтэй. Богино бичвэр нь визуалыг тайлбарлаж, дэмжих богино мессеж, тэмдэглэгээ байхад л болно. Гэтэл “Өнөөдөр” сонины инфографик нь текст ихтэй, график дүрслэл багатай байгаа нь инфографикийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Мөн шугаман график, бар чарт, хүснэгт зэрэг хэвшмэл хэрэгслийг их хэрэглэдэг нь уйтгартай харагдуулж, уншигчийн сонирхлыг татах нь бага байдаг. Уншигчдын сонирхлыг татах хэрэгсэл болох гаргийг инфографикт тусдаа тавьдаггүй нь нийтлэлийг уншаагүй хүн тухайн графикт юу өгүүлж байгааг мэдэхэд хүндрэл учруулах дутагдалтай. Үүнээс гадна инфографикт өгүүлж буй дата болон хэрэглэсэн графикийн зохимж зөрөх тохиолдол гардаг. Инфографикт үзүүлсэн графикийн тайлбар бичдэггүй, шаардлагагүй зүйлсийг инфографик болгодог, маш бага үзүүлэлттэй статистикийг том зай талбайтай графиз болгодог зэрэг нь томоохон дутагдлууд их ажиглагдсан. жишээлбэл: 2015 оны аравдугаар сарын 27-нд нийтлэгдсэн “Монгол бөхөн өвлийн бэлтгэлээ "базаажээ"” инфографикт агуулгын багтаамж бага датаг ашигласан байсан нь учир дутагдалтай юм. Тус сонинд нийтлэгдсэн инфографикуудын авууштай тал нь өгүүлж буй сэдэв, салбартаа чиглэсэн дизайн бий болгодог. Инфографикийн өгүүлэх сэдэв, салбартай уялдуулан дизайныг зохиох нь уншигчдад их хүрдэг. Өөрөөр хэлбэл зорилтот бүлэгтээ тааруулан, зохиомжлох нь сонирхолтой байдаг. Жишээлбэл: 2015 оны есдүгээр сарын 25-нд нийтлэгдсэн “Ширээний ирмэг доогуур сандал 3-4 см орсон байвал тохиромжтой” инфографикийн дизайн нь сурагчдад зориулсан зураг дүрслэлтэй байсан нь инфографикийн үр нөлөөг нэмэгдүүлж байгаа юм. Ерөнхийдөө, “Өнөөдөр” сонин нь инфографик хэрэглэж эхэлсэн анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэдий ч үр нөлөө, чанарын хувьд сайнгүй байгаа нь чамлалтай сэтгэгдэл төрүүлж байна. “Засгийн газрын мэдээ” сонинд нийтлэгдсэн инфографикийн агуулгад хийсэн судалгааны үр дүн: “Засгийн газрын мэдээ” сонинд инфографикт зориулсан булантай, гаралтын давтамжийн хувьд дугаар бүртээ тогтмол нийтэлдэг нь сайшаалтай. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд хамгийн ойр давтамжтай инфографик нийтэлдэг хэрэгсэл юм. Сэдвийн сонголтын хувьд танин мэдэхүйн болон мэдээллийн шинж чанартай материал агуулдаг. Танин мэдэхүйн шинжтэй инфографикийг сэдвийн хувьд задлан үзвэл байгаль орчин хамгаалах, эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маяг зэрэг хүний өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгцээнд тохирсон ашигтай, шинэлэг, товч тодорхой агуулга бүхий мэдээлэл хүргэдэг. Энэ төрлийн инфографик нь хүнд зөвлөгөө өгөхөөс гадна мэдлэг олгож байгаагаараа давуу талтай. Мэдээллийн шинж чанартай инфографик нь тухайн дугаарын онцлох нийтлэлийн агуулгыг дэмжих, нэмэлт мэдээлэл, тоо баримтаар баяжуулах үүрэгтэй байдаг. Агуулгын хувьд логик алдаа гаргах нь ховор. Мэдээллийн багтаамж харилцан адилгүй. Танин мэдэхүйн шинжтэй инфографикийг бага хэмжээний мэдээлэлд тулгуурлан хийсэн байх нь их бөгөөд эх сурвалжийг чухалчилж үздэггүй нь ажиглагдсан. Харин мэдээллийн чанартай инфографик бэлтгэхдээ ихэвчлэн Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын гишүүн байгууллагууд, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд зэрэг баталгаатай эх сурвалжаас дата цуглуулдаг нь мэдээллийн итгэн үнэмшүүлэх, инфографик үр нөлөөтэй байх шинжийг нэмэгдүүлж байна. “Засгийн газрын мэдээ” сонинд нийтлэгдсэн инфографикийн хэлбэрт хийсэн судалгааны үр дүн: Дизайны хувьд хүний анхаарлыг татах чадвартай, энгийн, цэгцтэй загвараа бэлтгэдэг нь ажиглагдсан. Уншигчийн анхаарлыг татах хоёр гол арга байдаг нь дизайн, гарчиг юм. Тус сонины хувьд уншигчийн анхаарал татаж байгаа үндсэн шинж нь дизайн юм. Гарчгийн хувьд хангалттай сайн биш. Тус сонинд нийтлэгдсэн инфографик нь сонирхолтой, олон төрлийн график дүрслэл ашигладаг, өнгөний сонголт сайтай, ашигласан датагаа тодотгож, санаагаа бүрэн илэрхийлж чаддаг зэрэг давуу талтай. Мөн ихэнх тохиолдолд баталгаатай эх үүсвэрээс мэдээллээ авдаг бөгөөд эх сурвалжаа дурддаг нь ажиглагдсан. Инфографик нь итгэл үнэмшил төрүүлэхүйц, уншигчийн анхаарлыг татаж, мэдээллээ хүргэж чаддаг зэрэг нь үр нөлөөтэй, сайн инфографик бэлтгэж чаддагийг илтгэж байна. Эхний бүлэгт өгүүлсэнчлэн, олон улсын талаар мэдээлэл хүргэж байгаа тохиолдолд дэлхийн газрын зураг ашигладаг нь газар нутгийн хамааралт байдлыг дүрслэн өгүүлж чаддаггаараа ач холбогдолтой болсон санагдсан. Гэхдээ дутагдалтай тал мөн ажиглагдсан. Олон төрлийн дата хэрэглэж буй тохиолполд графикийн тайлбар орхигдуулсан тохиолдол ажиглагдсан. Жишээлбэл: Тус сонины - сарын - дугаарт гарсан “Дэлхийн усны хэрэглээ” инфографикт тайлбар дутуу бичснээс усжуулалт 70%, аж үйлдвэр 22%, ахуйн хэрэглээ 8% гэсэн датаг ойлгох боломжгүй болсон юм. Мөн инфографик дахь текст, графикийн хэмжээний тэнцвэрт байдал алдагдсан тохиолдол их байдаг. Жишээлбэл: “Эх дэлхийгээ хамгаалахыг өөрөөсөө эхлэе”, “Анхаар! Илүүдэл жин” зэрэг инфографик нь текст ихтэй байсан. Дээрх инфографикт дүн шинжилгээ хийхэд дата нь инфографик болгох шаардлагагүй, үгийн тоог багасгаж, график болгох боломж хомс байсан юм. Үүнээс дата мэдээлэл бүр инфографик болж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Хэрвээ нийтлэл маягаар бичихийг хүсэхгүй байгаа бол зурган мэдээлэл (card news) болгох боломжтой. Тиймээс датагаа зөв сонгох хэрэгтэй бөгөөд мэдээллэл бүрийг инфографик болгох гэж хүчлэх нь учир дутагдалтай гэдгийг анхаарвал зохино. Бидний аж төрж буй нийгэм маань шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэй, ил тод, олон ургальч шинжтэй, хүнлэг байх зэрэг зарчмуудыг дэвшүүлэн тавьсан нь нийтлэл нэвтрүүлгийн агуулга, бичлэгийн арга хэлбэрт чанарын томоохон өөрчлөлт гаргахад хүргэсэн билээ Зулькафиль.М. Орчин үеийн сэтгүүл зүй боть 1. УБ. 2015. x.127 . Энэ өөрчлөлтийн дагуу ч дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд инфографикийг нийтлэлдээ ашиглаж байна. Инфографик ихээр хэрэглэдэг, жишээ болгон авч үздэг дээрх хоёр сонинд дүн шинжилгээ хийлээ. Энэхүү дүн шинжилгээ нь манай нийт тогтмол хэвлэлийн инфографик хэрэглээний өнөөгийн дүр төрхтэй нийцэх байх гэж миний хувьд үзэж байна. Ерөнхийдөө, манай тогтмол хэвлэл инфографик хэрэглээг нэвтрүүлж байгаа хэдий ч энэ нь өнгөн буюу хэлбэр талдаа хэрэглэж байгааг судалгаанаас ажиглалаа. Дата сэтгүүл зүйн бүтээгдэхүүн болохын хувьд инфографикт өгүүлж буй сэдвийн талаар өргөн хүрээний эх сурвалжаас мэдээлэл авсан байх ёстой. Гэтэл инфографикийн мэдээллийг нэг л эх сурвалжаас авч байгаа нь учир дутагдалтай байна. Дата сэтгүүл зүй нь мөн тухайн хөндөж буй сэдвийн талаар учир шалтгаан, урьдач нөхцөл, өнөөгийн байдал, гарах гарц, шийдэх арга замыг эрэлхийлдэг атал ийм үйл ажиллагаа явуулсны үр дүнд бий болсон инфографик маш цөөн байлаа. Инфографикийг дизайны шинэ шийдэл, хүн бүрийн мэддэг зүйлийг “зүгээр л гоё харагдуулах” хэрэгсэл мэтээр ашиглаж байгаа юм шиг дүр зураг ажиглагдлаа. Гэхдээ үүнийг шууд сэтгүүлч, дизайнеруудын дутуу дулимаг үйл ажиллагааны үр дүн гэж буруутгаж болохгүй. Учир нь манай сэтгүүл зүйн салбарт дата сэтгүүл зүй гэдэг нэр томьёо дөнгөж орж ирж байгаа. Энэ талаар сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад зааж байгаагүй. Мөн сургалт, семинар ховор явагддагтай холбоотой гэж би үзэж байна. Үүнээс гадна энэ сэдвээр хийсэн судалгаа шинжилгээний ажил байдаггүй нь миний таамаглалыг баталж байгаа хэрэг юм. Дата сэтгүүл зүйн томоохон жишээнүүд улс нийгэмд ямар өөрчлөлт бий болгох хүч агуулж байдгийг бид өмнөх бүлэгт үзсэн. Тиймээс сэтгүүл зүйн энэхүү шинэ, чухал чиглэлээрээ мэргэжилтэн бэлтгэх тал дээр анхаарч үзэх шаардлагатай. Дэлхийн томоохон их сургуулиудын сургалтын хөтөлбөрт хэдийн орчихсон энэ хичээлийг дотоодын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуульд зааж эхлэх шаардлагатай байна. Тогтмол хэвлэлд инфографик бэлтгэхдээ дэлхий нийтэд мөрдөж буй чанарын шалгуур, шаардлагыг хангахаас гадна өөрийн орны онцлогийг бодолцож үзэх хэрэгтэй. Бүх тогтмол хэвлэлд нийтлэгдэж буй өгүүлэл, түүнийг зохиогч болгонд байх ёстой нийтлэг болон зайлшгүй зүйл байдаг. Тийм ерөнхий арга зүйн элемэнтүүдийн дотор дараах дөрвөн зүйл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, сонгож авсан сэдэв, дэвшүүлсэн тавьсан асуудал нь нийгмийн чухал ач холбогдолтой байх учиртай. Хоёрдугаарт, сонгож авсан асуудлыг тухайн улс орны(салбар, байгууллагын г.м) өмнө тавигдаж буй гол зорилт, түүний биелэлт, амьдралд хэрэгжиж байгаа байдалтай холбож үзэх нь чухал. Гуравдугаарт, тухайн баримт, үйл явдал, асуудлыг сэдвийн хүрээнд, түүний гол гол чиглэлийн дагуу бүхэлдээ задлан шинжлэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, практик үйл ажиллагаанд хэрэг болохуйц оновчтой дүгнэлт хийсэн байх бөгөөд тэр нь хэнд зориулагдсаныг тодорхой заасан байвал зохино Зулькафиль.М. Орчин үеийн сэтгүүл зүй боть 1. УБ. 2015. х.207.. Инфографик бэлтгэхдээ дээрх арга зүйн элемэнтийг баримталбар нийгэм, цаг үедээ нийцсэн, уншигчдад хүрсэн материал бэлтгэж чадна. “Өнөөдөр” болон “Засгийн газрын мэдээ” сонины бэлтгэсэн инфографикт үндсэн хоёр ялгаатай тал ажиглагдсан. “Засгийн газрын мэдээ” сонины инфографикийн дизайныг “Өнөөдөр” сонины инфографиктай харьцуулбал тавигдах үндсэн шалгууруудыг илүү хангасан нь илт байсан. Энэ нь дизайнерын чадвартай шууд холбоотой гэж би бодож байна. Тиймээс тогтмол хэвлэлийн дизайнеруудыг чадавхжуулах шаардлагатай байна. Харин “Өнөөдөр” сонины хувьд инфографик дахь мэдээллийн агуулга илүү сайн байна. Энэ нь сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой юм. Ингэж харьцуулах нь зүйд нийцэхгүй байж магадгүй ч өнөөгийн дүр байдлыг гаргахад зайлшгүй шаардлагатай зүйл юм. Монголын сэтгүүл зүйд одоо байгаа хэрэгслүүд улам сайжирч, шинэ өрсөлдөгчид гарч ирсээр байгаа бөгөөд хоорондын өрсөлдөөн бий болсон. Хэлбэр, агуулга хоёрт тэгш анхаарч гэмээн энэ өрсөлдөөнд тэргүүлж чадна гэж бодож байна. Ийн анхаарснаар сэтгүүлчийн хөдөлмөр уншигчдадаа хүрч, нөлөө үзүүлж чадна. Сэтгүүл зүйн үр дүнг дээшлүүлэх шаардлага нь сэтгүүлчид үр дүн гэж юу вэ, өндөр үр дүнд ямар замаар хүрэх вэ, ингэхийн тулд ямар дадал, чадвартай байх вэ зэрэг асуудал маш чухал юм. Нэг дэх асуултын хариулт нь сэтгүүл зүйн зорилгоо биелүүлэх үүрэгтэй холбоотой, өөрөөр хэлбэл сэтгүүл зүй өөрийнхөө мэдээлэл, танин мэдүүлэх, зохион байгуулах, харилцааны, удирдлагын, зугаацуулах үйл ажиллагаагаар дээрх эцсийн үр дүнд юунд хүрэх вэ, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн прагматик чиглэл нь ямар байх вэ гэдгийг тодорхой төсөөлсөн байх шаардлагатай юм Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын үндэс. УБ. 2011. х.314.. Тиймээс инфографик мэдээлэл, дата сэтгүүл зүйг сэтгүүл зүйн туслах хэрэгсэл, шинэ хэлбэр гэж харахаас гадна агуулгын түвшинд ойлгож, ашиглах тухай мэдлэгийг нийтэд түгээх нь ашигтай юм. Тогтмол хэвлэл буюу сонин, сэтгүүл нь цаасан дээр хэвлэгддэг, хөдөлгөөнт график оруулах боломжгүйн хувьд инфографик нь зөвхөн зурган хэлбэрээр тавигдсан байна. Тиймээс сонингийн инфографикт дараах шаардлага тавигдана. Чанартай дата Анхаарал татам, датандаа тохирсон дизайн Сонирхолтой гарчиг Баталгаатай эх сурвалж Түүх өгүүлэх Тогтмол хэвлэлийн инфографик мэдээллийг бэлтгэхдээ дараах график дүрслэлийг ашиглан агуулгаа баяжуулах боломжтой. Үүнд: мэдээллийн урсгалын схем (flow charts); газрын зураг, байршил, газар зүйн зураглал (maps, locations and geography); график (graph); диаграм (diagrams); хэмжээгээр харьцуулах (size comparison); тоон илэрхийлэл (by the numbers); үйл явдллын тайлбарламж (explanation of a process); хоорондын харьцуулсан формат (this vs that, versus format); визуал өгүүлэл (visual narrative); шилдгүүдийг жагсаах зэрэг (top lists) орно http://visual.ly/importance-infographics . Бидний өдөр тутмын практик үйл ажиллагаанд шугаман, бар чарт зэрэг график их ашиглагдаж, хэдийн хүмүүсийн дасал болсон. Тиймээс эдгээр графикийг аль болох ашиглахгүй байх нь үр дүнтэй байдаг. Инфографик нь мэдээллийг илүү үнэ цэнэтэй болгож, уншигчдад дүр төсөөлөл бий болгох чадвартай. Сонинд нийтлэгдсэн материал итгэн үнэмшүүлэх чадвар сайтай байдгийн хувьд инфографикийг шаардлагын дагуу үйл ажиллагаандаа зөв ашигласнаар олон уншигчдыг татаж, нийтлэл үр дүнтэй байх нөхцөл бүрдэх юм. Мэдээллийн сайтуудын инфографик мэдээлэлд хийсэн харьцуулсан судалгаа (“ikon.mn”, “gogo.mn”, “trends.mn”) Уншигч орчин үеийнхээ тухай тойм мэдлэг олж авахын тулд янз бүрийн хэвлэлээс хэрэгтэй зүйлээ олж унших, түүнийгээ нэгдмэл ойлголт болгох гэж ихээхэн цаг хүч зарцуулдаг. Ингэж чаддаггүй уншигчид ч бий Норовсүрэн Л.Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм. УБ. 2003. х. 232. Эдгээр уншигчдад тохирох мэдээллийн хэрэгсэл бол сайт юм. Уншигч хэн нэгний шүүлтүүр сонголтоор бус өөрийн хүслээр унших нийтлэлээ сонгодог нь сайтын давуу тал. Миссуригийн сэтгүүл зүйн сургуулийн дэргэдэх Рейнолдсын сэтгүүл зүйн институтээс (Donald W. Reynolds Journalism Institute located at the Missouri School of Journalism) саяхан нэгэн сонирхолтой судалгаа гаргажэээ. Уг судалгаагаар уншигч, үзэгчид 10-15 минутын турш сайтаас авсан мэдээлэл нь ижил хугацаанд телевиз үзэхэд авсан мэдээллээс 10-20 дахин их байгааг тогтоожээ. Телевизийн нэвтрүүлгээс үзэгч нь сэтгүүлч, редакторын сонгосон мэдээллийг “хүчээр” үздэг. Харин мэдээллийн сайтаас уншигч сонирхсон мэдээллээ өөрийн сонголтоор хүртдэг нь давуу талтай бөгөөд энэ чанар нь хэрэглэгчдийг илүү татдагийг тогтоосон байна. Сэтгүүлзүйн мэдээлэлд цахим техник ашиглах нь шинэ зууны гол хандлага болж байгаа Норовсүрэн Л.Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм. УБ. 2003. х.300 бөгөөд дата сэтгүүл зүй, инфографик хөгжлийн түүх үүнтэй шууд холбоотой. Угаас дата сэтгүүл зүйн туслах хэрэгслүүд нь интернэтэд суурилсан байдаг бөгөөд интернэтгүй бол дата сэтгүүл зүйг явуулахад хүндрэлтэйгээс гадна маш их цаг зарцуулах хэрэг болно. Инфографикийг бүтээх хэрэгсэл ч цахим технологид суурилсан байдаг. Монгол улсын интернэт хэрэглэгчдийн тоо өсч байгаа нь сайтын мэдээллийн уншигч нэмэгдэж байгаа гэсэн үг. Инфографик нь мэдээлэл дамжуулах юниверсал хэл болон хувирсан гэж ч болно. Тэгвэл интернэтэд суурилсан мэдээллийн хэрэгсэл буюу сайтад дата сэтгүүл зүй, инфографик мэдээллийн ач холбогдол, хэрэглээ ямар түвшинг байгааг судлахаар “Ikon.mn”, “Gogo.mn”, “Trends.mn” зэрэг монголын нэр хүндтэй, томоохон сайтуудыг сонголоо. Өмнөх дэд бүлэгт хийсэнчлэн, мэдээллийн сайт бүрт тусад нь дүн шинжилгээ хийхийг эрмэлзлээ. Ингэснээр тухайн сайтын инфографикийн ерөнхий дүр байдал, онцлог, хамрах хүрээ, хэрэглээ, үр нөлөөг гаргахад ач холбогдолтой юм. “Ikon.mn” сайтад нийтлэгдсэн инфографикийн агуулга, хэлбэрт хийсэн судалгааны үр дүн Сүүлийн нэг жилийн дотор (2015 оны хоёрдугаар сараас хойш) 100 инфографик ойролцоогоор 4 хоногийн давтамжтайгаар нийтлэгдсэн байна. Инфографикууд нь ерөнхийдөө гурван төрөлд хуваагдаж байна. Үүнд: захиалгат инфографик, орчуулгын болон өөрсдөө бэлтгэсэн инфографик орж байна. Нийт инфографикийн хорь орчим хувийг Статистикийн Үндэсний хороо, Замын Цагдаагийн газар зэрэг албан байгууллага болон хувийн хэвшлүүд захиалан хийлгэсэн нь инфографикийн ерөнхий дүр төрх, эх сурвалжийн байдлаас харагддаг. Мөн дөч орчим хувийг гадаадын мэдээллийн хэрэгслүүдээс авч, орчуулан(заримдаа орчуулгагүй) нийтэлдэг нь ажиглагдсан. Ийнхүү олон эх үүсвэрээс мэдээллээ авдаг учир эх сурвалжаа дурьдах шаардлагатай бөгөөд “Ikon.mn” ч үүнийг хэрэгжүүлдэг нь сайшаалтай. Ерөнхийдөө инфографикууд нь датадаа тохирсон дизайнтай, тус бүртээ гарчигтай, богино хэмжээтэй тайлбар хэсэг оруулж өгдөг. Интернэтэд суурилсан мэдээллийн хэрэгслийн хувьд хөдөлгөөнт график дизайн ашигладаг хэдий ч сүүлийн нэг жилийн байдлаар дөрвөн удаа л энэ төрлийн инфографик бэлтгэсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Хөдөлгөөнт инфографик нь сонирхолтой, олон төрлийн дата агуулах боломжтой байдгаараа зурган инфографикаас давуу талтай байдаг. Тогтмол хэвлэл, сэтгүүл зэрэг хэвлэмэл хэрэгслээс сайтад байгаа тал нь интернэт. Тийм учир аль болох хөдөлгөөнт график дүрслэл ашиглахыг санал болгож байна. Сүүлийн нэг жилд нийтлэгдсэн хөдөлгөөнт инфографик: “Монгол Улс АДУУНЫ ТООГООР дэлхийд ЗУРГААД ордог” 2016-01-06 “Улсын Их хурлын Гишүүдийн БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ” 2016-01-29 “Монголын телевизүүдийн РЕЙТИНГ 2015 ОНД” 2016-02-25 “2012 оны сонгуулиар ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС намуудад өгсөн ХАНДИВ” 2016-04-27 Үүнээс гадна: “УИХ-ын ГИШҮҮД ба КОМПАНИУД-ын хамаарал” 2014-04-23 “УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг дүрсжүүлэн хүргэж байна” 2014-04-22 Дээрх визуалууд нь дата сэтгүүл зүйн бүтээл бөгөөд үр ашигтай, их дата агуулсан, сонирхолтой шийдлээр бүтээгдсэн. Монголд хийгдсэн хамгийн үр бүтээлтэй инфографик гэж миний хувьд үзэж байна. Эдгээр сайн инфографикийн 60 орчим хувь нь УИХ-ын гишүүдийн талаарх мэдээллийг агуулсан байна. Сэдвийн сонголтын хувьд статистик тоон мэдээлэл, Монгол улстай холбоотой мэдээллүүд, олон улсын судалгаа болон танин мэдэхүй, зөвлөгөө маягийн мэдээлэл ихэнх хувийг эзэлж байна. Агуулгын хувьд шинэлэг, чанартай, сонирхолтой, эх сурвалж баталгаатай, тус бүртээ гарчигтай, тайлбар хэсэгтэй байдаг нь ажиглагдсан. Дизайны хувьд шинэлэг, уншигчийн анхаарлыг татаж чаддаг. Үүнээс гадна хэд хэдэн дутагдалтай тал байна. Жишээлбэл: Өөрсдийн бэлтгэсэн инфографикт текстийн хэмжээ их байна. Монгол улсын газрын зургийг ашиглан бэлтгэсэн инфографикт тайлбар мэдээ дутуу байгаа нь сул тал юм. Мөн “storytelling” буюу түүх өгүүлсэн инфографик маш цөөн нийтлэгдсэн байгаа нь гадны мэдээллийн хэрэгслийн бүтээсэн буюу орчуулгын мэдээлэл, дизайн байгаа нь хайлтын явцад харагдлаа. Жишээлбэл: “Tech Insider” сайтын бэлтгэсэн “Сайн унтаж амрахад хэрэгтэй 8 зөвлөгөө” инфографик нь storytelling сайн хийсэн гэж үзэж байна. “Gogo.mn” сайтад нийтлэгдсэн инфографикийн агуулга, хэлбэрт хийсэн судалгааны үр дүн: Сүүлийн нэг жилийн дотор 30 орчим буюу дунджаар долоо хоногт 9 инфографик нийтлэгдсэн байна. “Ikon.mn” сайттай адилаар инфографикууд нь гурван төрөлд хуваагдаж байна. Үүнд: захиалгат инфографик, орчуулгын болон өөрсдөө бэлтгэсэн инфографик орж байна. Үндэсний Статистикийн хороо, “Эрдэнэт” үйлдвэр, Монголын туялзуур сэлэмний холбоо зэрэг албан байгууллага болон хувийн хэвшлүүд захиалгаар хийгдсэн, тавигдсан инфографик их. Гадаадын мэдээллийн хэрэгслүүдээс авч, орчуулсан инфографик, өөрсдөө бэлтгэсэн мэдээлэлд тулгуурлан инфографик нь бараг тэнцүү тоотой байлаа. Ерөнхийдөө инфографикууд нь датадаа тохирсон дизайнтай, богино хэмжээтэй тайлбар хэсэг оруулж өгдөг. Нийтлэлийн гол санааг дэмжсэн инфографик ч байсан. Интернэтэд суурилсан мэдээллийн хэрэгслийн хувьд хөдөлгөөнт график дизайн ашигладаг хэдий ч сүүлийн нэг жилийн байдлаар ойролцоогоор гурван удаа л энэ төрлийн инфографик бэлтгэсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Дээр дурдсанчлан хөдөлгөөнт инфографик нь сонирхолтой, олон төрлийн дата агуулах боломжтой байдгаараа зурган инфографикаас давуу талтай байдаг. “Оскарын сүүлийн таван жилд” 2015-02-23 “Зика вирусын тархалт дэлхийн газрын зураг дээр” 2016-02-24 “Apple-аас бид юуг хүлээж байна вэ?” 2016-02-24 Эдгээрээс “Оскарын сүүлийн таван жилд” инфографик нь Оскарын тайзыг санагдуулам сонирхолтой байдлаар хийгдсэн байсан. Тус сайтын инфографикууд нь ерөнхийдөө нэгэн хэвийн, текст ихтэй, судалгаа, дата гэхээс илүүтэй тоо баримтад тулгуурласан байгаа нь уйтгартай байдлыг бий болгож байна. Интернэт сэтгүүлзүйг соёл иргэншил, харилцаа, нийгмийн шинэ үзэгдэл хэмээн ойлгох ёстой. Гэхдээ мэдээж мэдээлэл, утга агуулгыг үг хэл, дуу чимээ, дүр зураг, хөдөлгөөнт дүрс, өнгө гээд бүх хэлбэрт оруулан дамжуулж, түгээж, хадгалж болох өргөн боломж, стандартчлагдсан орчинд интернэт сэтгүүл зүйг тодорхойлох нь ойлгомжтой Болд-Эрдэнэ Б. Интернэт сэтгүүл зүй. УБ., 2009. х.6. Тиймээс аль болох мэдээллийг мультимедиа чиглэлээр хүргэх нь давуу талтай. Энэ тал дээр ажиллахад редакцийн бодлого, сэтгүүлчийн хөдөлмөр дутагдалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. “Trends.mn” сайтад нийтлэгдсэн инфографикийн агуулга, хэлбэрт хийсэн судалгааны үр дүн: Сүүлийн нэг жилийн тус сайтад ойролцоогоор 20 инфографик нийтлэгдсэн. График дүрслэл, визуал илэрхийлэл, тайлбартай контент бэлтгэнэ хэмээн Редакцийн бодлогын нэгдүгээрт заасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд энэ нь чамлалттай тоо юм. Сэдвийн сонголт нь эдийн засаг, улс төртэй холбоотой статистик тоо баримт, зөвлөгөө мэдээлэл гээд өргөн хүрээтэй. Нийтлэгдсэн нийт инфографикийн тавин хувь нь буюу 10 нь дата сэтгүүл зүйн зарчмаар бэлтгэгдсэн байсан нь сайшаалтай. Монгол банкны албан ёсны статистик судалгаан дээр үндэслэн хийсэн “Хэний Засгийн газар илүү их өр тавьсан бэ?”, “ Засгийн газрууд хэдийг зээлж, юунд зарсан бэ?” инфографик нь үр бүтээл сайтай байсан гэж үзэж байна. Тус сайт нь судлаачдын бүтээл, дүгнэлтэд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ч инфографикийн агуулга сайтай нь харагдаж байна. Гэхдээ дизайны хувьд сул тал, дутагдал ихтэй. Жишээлбэл: “8 хувийн ипотекийн зээлийн ардах мөнгө” инфографик нь маш их датаг агуулсан боловч энгийн хүн хараад ойлгоход түвэгтэй байдлаар зохиосон нь учир дутагдалтай байна. Инфографик мэдээллийн гол давуу тал нь асар их датаг график визуал ашиглан, ойлгомжтой, сонирхолтой байдлаар уншигчдад хүргэхэд зорьдог. Гэвч trends.mn дата судалгаа ихтэй агуулгадаа тохируулан сонирхолтой дизайныг хэрэглэж чадахгүй байна. Интернэт мэдээллийн тоон технологийн эринд дэлхий ертөнц “нээлттэй, харьцангуй, ургальч, нэгдмэл” даяарчлагдсан “Их хот” болж, мэдлэг, оюуны эрх мэдлийн ноёрхол тогтсон. Технологийн хурдацтай хөгжил нь сэтгүүл зүйн өөр нэг тал болох мэдээллийг хүлээн авах, хүртэхүйд ч нөлөөлсөн билээ Болд-Эрдэнэ Б. Интернэт сэтгүүл зүй. УБ., 2009. x.25. Тиймээс зөвхөн агуулга гэж нэг талыг барилгүйгээр дизайндаа ч мөн анхаарах нь зүйтэй юм. Дээр дурдсан хоёр сайтын адил “Trends.mn”-д: “Монгол улс сансарт ниссэн 40 орны нэг” 2016-03-22 “Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3 дахин өсчээ” 2016-03-10 хөдөлгөөнт инфографик нийтлэгдсэн. Дээрх сайтуудаас гадна news.mn, hiub.mn, itoim.mn, sonin.mn зэрэг мэдээллийн сайтууд мөн инфографик мэдээлэл бэлтгэдэг. Гэхдээ инфографик мэдээлэл нийтлэх давтамж хол байдаг. Монголын мэдээллийн сайтуудад нийтлэгдэж буй инфографик нь ерөнхийдөө дээр өгүүлсэн шинжийг агуулсан байдаг нь ажиглалтаас тогтоогдсон. Мэдээллийн сайтын инфографик мэдээллийг бэлтгэхдээ дараах график дүрслэлийг ашиглан агуулгаа баяжуулах боломжтой. Үүнд: цаг хугацааны шугам (timelines); мэдээллийн урсгалын схем (flow charts); газрын зураг, байршил, газар зүйн зураглал (maps, locations and geography); график (graph); диаграм (diagrams); хэмжээгээр харьцуулах (size comparison); тоон илэрхийлэл (by the numbers); үйл явдлын тайлбарламж (explanation of a process); хоорондын харьцуулсан формат (this vs that, versus format); визуал өгүүлэл (visual narrative); шилдгүүдийг жагсаах зэрэг (top lists) орно http://visual.ly/importance-infographics . Үүнээс онцолбол, мэдээллийн сайтын маш том давуу тал бол цаг хугацааны шугам (timelines); визуал өгүүлэл (visual narrative) зэрэг хөдөлгөөнт графикийг маш өндөр бүтээмжтэйгээр хүргэх боломжтой. Энэ нь инфографикийн шинж чанарыг улам тодотгож өгдөг. Мэдээллийн сайтууд өөрсдийн бэлтгэж буй мэдээ мэдээллийг илүү үнэ цэнэтэй, олон нийтийн анхаарлыг татах чадамжтай болгохын тулд дээр өгүүлсэн хэрэгслүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвших нь цаг үеийн шаардлага болоод байна. Монголын мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн инфографикийн агуулга, хэлбэр загварт хийсэн судалгааны үр дүн: Сайтад нийтлэгдсэн инфографикуудыг нийтэд нь харвал цэвэрхэн, гол санаагаа илэрхийлж чадсан, датандаа зохицсон хэлбэртэй байдаг. Гэсэн хэдий ч гадны инфографикийг дуурайж хийгээгүй л дизайн нь уйтгартай, текст ихтэй, дата дээр биш үг, тоон дээр үндэслэсэн байдаг нь ажиглагдсан. Нэгдүгээрт бүлэгт өгүүлсэнчлэн, зарим мэдээлэл инфографик болоход тохиромжгүй байдаг. Гэтэл хэдэн тоо, сонирхолтой баримт эсвэл зөвлөмжийн шинжтэй мэдээлэл олдох юм бол инфографик болгохоор хүчлээд байгаа нь учир дутагдалтай юм. Диаграмм, схем гэхээсээ илүүтэй зургаар чимэглэж, зарим нэг үг, тоог тодотгож хийсэн материалыг хараад инфографик мөн эсэхийг тодорхойлоход хүндрэл гарах үе бий. Гэхдээ агуулгадаа таараагүй визуал ашигласан, эсвэл агуулгаа илэрхийлж чадаагүй тохиолдол гарч байна. Дээр өгүүлсэн дутагдалтай шинжүүдийг агуулсан инфографикаас жишээ татвал: trends.mn сайтад нийтлэгдсэн “Далд сахар” юм. Энэ мэдээллийг график (graph); диаграм (diagrams); хэмжээгээр харьцуулах (size comparison) хэрэгслүүдийг ашиглан, арай бүтээлч маягаар, сонирхолтой хэлбэрээр инфографикт оруулах боломжтой байсан. Үүнээс гадна storytelling буюу түүх өгүүлсэн, зорилтот бүлэг, өгүүлэх сэдэвтэйгээ уялдуулсан зохиомжтой инфографик маш цөөн байна. Агуулгын хувьд статистик судалгаан дээр үндэслэн хийсэн инфографик их байна. Тогтмол хэвлэлээс давуу талтай нь сайтуудын бэлтгэж буй инфографик нь дата сэтгүүл зүйн хэв шинжийг агуулсан бөгөөд агуулгын багтаамж өндөр. Мөн орчуулгын инфографикууд их хувийг эзэлж байна. Тогтмол хэвлэлд ихэвчлэн өөрсдийн цуглуулсан мэдээ, мэдээлэлд тулгуурлан инфографик бүтээдэг байсан. Харин мэдээллийн сайт нь гадаадын судалгаа, дэлхийн томоохон мэдээлллийн хэрэгслүүдийн бэлтгэсэн материал дээр суурилж байгаа нь ажиглагдлаа. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн хэрэглэж буй хэрэгсэл, эх сурвалж, ажиллах арга барилаас шалтгаалж байна гэж би ойлголоо. Тодруулбал, мэдээллийн сайтын сэтгүүлч үргэлж компьютер болон интернэт ашигладаг. Харин тогтмол хэвлэлийн сэтгүүлч цаг үеийн мэдээлэлд их бэлтгэж, хүмүүстэй их уулздаг билээ. Тиймээс ажиллах арга барил нь ч ондоо байна. Бид өнөөдөр мэдээллийн эрин, электрон соёлын хувьсгалд амьдарч байна. Өнөөдөр цаг хугацаа, орон зайд үл захирагдан эрчимтэй даяарчлагдаж буй зүйл бол мэдээлэл, тэр мэдээллийг голлон үйлдвэрлэгч, түгээгч сэтгүүл зүй юм. Ийм нөхцөлд бид дэлхийн мэдээллийн харилцаа буюу коммуникацид жинхэнэ утгаараа нэвтэрч, орчин үеийн мэдээллийн технологийг бодитоор ашиглах хэрэгтэй. ОНМХ-ийг хамгийн сүүлийн үеийн хэвлэлийн технологи, компьютер, дижитал тоног төхөөрөмжөөр хангаж, интернэтэд холбож, түүнийг дээд зэргээр ашиглахгүйгээр олон түмнийг үнэн бодитой, хүртээмжтэй мэдээллээр шуурхай хангаж, дэлхий дахины болон эх орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлын талаар бүрэн төгс мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээлэл бизнес болж байгаа энэ цаг үед дэлхий нийтийн хөгжлийн жишгийг өөрсдийн бүтээл туурвилдаа тусгах нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол арга юм. Америкийн социологич шинэ нийгэм ирээдүйн эдийн засгийн хоёр чухал бүрэлдэхүүн хэсэг болох мэдлэгийн технологи ба мэдээллийн үйлдвэрлэлдд тулгуурлан хөгжих болно гэсэн дүгнэлтэнд Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын зарим асуудал. УБ., 2012. х.32 1962 онд хүрчээ. 1970-аад оны үеэс конвергенци буюу “нэгдэн, нийлэх” ойлголтыг компьютер, утсан холбоо, зурагт зэрэг мэдээлэл харилцааны технологийн хэрэгслүүдийг нэгтгэх үйл явцыг илэрхийлэх утгаар өргөн хэрэглэж эхэлсэн. Орчин үед ОНМХ-ийн ирээдүйн тухай аливаа асуудлын тухай ярихдаа конвергенцийн тухай хөндөхгүй өнгөрөх боломжгүй болсон. ОНМХ-ийн мэргэжилтнүүд ... конвергенцийг ойрын арван жилд зөвхөн олон нийтийн мэдээллийн харилцааны системийг төдийгүй, түүнтэй холбоотой янз бүрийн үйлдвэрлэлийг үндсээр нь өөрчлөх үйл явц мөн гэж үздэг байна. Нэгдүгээрт, энэ бол технологийн нэгдэн нийлэх үйл явц бөгөөд кабель, утасны сүлжээ, сансрын холбоо зэрэг янз бүрийн техник хэрэгсэл болгонд хэрэглэгчдэд мэдээллийг дамжуулах боломж олгоно гэсэн үг. Ийм мэдээлэл харилцааны технологийн нэгдлийн үндсэн дээр дижитализаци буюу агуулгыг тоон хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа явагддаг бөгөөд энэ нь сонин хэвлэлийн үг, хөдөлгөөнт дүрсийг “ижил төвшин”-д тавих боломж олгодог. Хоёрдугаарт, конвергенци гэдэг бол юуны өмнө янз бүрийн мэдээллийн хэрэгслүүдийн нэгдэн нийлэх, ойртон нягтрах үйл явц бөгөөд үүний үр дүнд чухам ямар мэдээллийн хэрэгслийн тухай ярьж байгаагаа тодорхойлоход ихээхэн хүндрэл учирч эхэлсэн. Интернэт дэхь радио, компакт дискэн дэх Британника нэвтэрхий толь, кабелийн телевиз дэх видеокино, эсвэл халаасны жижиг мэдээлэл хүлээн авагч, гар утсаар дамжуулсан зар сурталчилгааны мэдээлэл зэрэг тоолж баршгүй болсон. Ингэж нэг мэдээллийн хэрэгсэл өөр мэдээллийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, янз бүрийн мэдээллийн сувгуудын “үүрэг, үйл ажиллагаа” нь өөрчлөгдөж, янз бүрийн сувгуудаас ижил агуулгатай мэдээлэл авах боломж эрс нэмэгдсэн нь бидний өмнөх үеийн мэдээлэл харилцааны хэрэгслүүдийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Ийм маягаар ОНМХ-үүд нэгдэж, янз бүрийн сувгуудын хувьд нийтлэг агуулга бүхий бүтээгдэхүүн бий болж байгаа нь шинэ холимог бичлэгийн төрлүүд үүсэхэд нөлөөлж эхэлсэн. Инфотейнмент (information+entertainment) телевизийн эриний бүтээгдэхүүн байсан бол интернетийн эрин эдютейнментийг (education+entertainment), орчин үеийн мэдээллийн хувийн сувгууд инфорториалыг (information+editorial) бий болгосон нь үүний тодорхой жишээ юм Зулькафиль М. Сэтгүүл зүйн тайлбар толь. УБ. , 2011. Х.50. . Инфографик ч мөн адил конвергенцийн нэгэн жишээ юм. Инфографик(information+graphic), дата сэтгүүл зүй ч конвергенцийн үр дүн юм. Уншигчдын мэдээлэл хүлээн авах хэрэгсэл өөрчлөгдөж байгаатай холбогдуулан мэдээллийн флатформоо шинэчилж эхэллээ. Бидний өөрсдийн амьдралд ч тэр технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүр шахуу гар утас барьж Болд-Эрдэнэ Б. Интернэт сэтгүүл зүй. УБ. , 2009. Хуу 29 уншигчдын мэдээлэл хүлээн авах хэрэгсэл нь гар утас боллоо. Тиймээс инфографик, нийтлэл бэлтгэхдээ лаптоп, гар утас, таблет зэрэг хэрэгсэлд тохиромжтой байдлыг харгалзан үзэх шаардлагатай болоод байна. Тэгвэл яагаад монголын болон гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бэлтгэж буй инфографик хоорондоо ийм их ялгаатай байна вэ? Яагаад бидний бэлтгэсэн материал гологдоод, бид тэндээс хуулбарлаад байна вэ? Энэ нь өнөөх л мэдлэг чадвартай холбоотой гэж би бодож байна. Цахим нийгэмд нэн шинэ технологийг түргэн эзэмших чадвар чухал болох нь гарцаагүй. XIX зууны аж үйлдвэржилтийн шууд нөлөөгөөр бичиг үсэгт суралцах, уншиж бичих соёл, сонин сэтгүүлд хандах хандлага эрс өөрчлөгдсөн билээ. Түүнээс хожим гарч ирсэн постиндустрийн эрин үе нь биднээс мэдээлэл, цахим тооцоолуур, интернет, компьютерийн мэдлэгт тулгуурласан боловсролыг зүй ёсоор шаардаж эхлээд байна Норовсүрэн Л.Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм., УБ. 2003. Хуу 302. Дата шинжлэл бол 2020 оны хамгийн эрэлттэй салбар. Дата визуал бол хамгийн шинэлэг сонирхолтой мэдээлэл хүргэх хэлбэр. Дэлхийн олон орны их, дээд сургууль, коллежуудад дата шинжлэх ухаан, дата сэтгүүл зүй, дата визуал, инфографикийг гүнзгийрүүлэн судлах анги хичээллэж байна. Үүнээс гадна төлбөртэй сургалтууд, сургагч багш нар ажилладаг. Тэнд нэг өдрөөс дөрвөн жил хүртэлх хугацаагаар энэ талаар суралцаж төгссөн хүмүүс тэдгээр гайхалтай сайн инфографикийг бүтээдэг. Мөн тэд нэмэлт цэс, тохиргоотой, үнэтэй программ ашиглана. Тэдний эгнээнд, дэлхийн түвшинтэй ижил хэмжээний инфографик хийхийн тулд бид суралцаж, уран сэтгэмжээ хөгжүүлэх шаардлага тулгараад байна. Дэлхийн жишигт хүрэхэд бидэнд хугацаа болон санхүү шаардлагатай гэж үзэж байна. Дүгнэлт Хүн амын тоотой харьцуулахад манайх шиг олон ХМХ-тэй орон энэ хорвоод ховор гэдэг нь маргашгүй үнэн юм. Энэ бол нэг талаар ХМХ-үүдийн хооронд мэдээллийн төлөө, хэрэглэгчдийн төлөө өрсөлдөөн бий болж, мэдээллийн шуурхай хүртээмжтэй чанар, багтаамжийг дээшлүүлэх, ашигтай, идэвхтэй мэдээллийг нэмэгдүүлэх, бичлэгийн ур чадварыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлсэн. Нийтлэл нэвтрүүлгийн сэдвийн болон газар зүйн хамрах хүрээ өргөжиж, олон нийтийн санаа бодол, эрэлт хэрэгцээг харгалзсан мэдээ материалын тоо нэмэгдэж, аль ч ХМХ-ийн сэтгүүлч чөлөөтэй бичих боломж нээгдэхийн хамт Өрнөдийн сэтгүүл зүйд түгээмэл хэрэглэдэг бичлэгийн арга барилыг эзэмших хандлага ажиглагдаж, сонин хэвлэлийн өнгө үзэмж, дүр төрх мэдэгдэхүйц сайжирч, менежментийн болон маркетингийн шинэ арга ажиллагаа нэвтэрч эхэлсэн Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын зарим асуудал. УБ., 2012. х. 92. Үүний тод жишээ бол дэлхийн сэтгүүл зүйд тренд болоод байгаа дата сэтгүүл зүйн шинжтэй бүтээл гаргаж, инфографик мэдээллийг бэлтгэж эхэлсэн явдал юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг донсолгосон дата сэтгүүл зүйн бүтээлүүд гарах болсон нь хурдацтай хөгжихөд нөлөөлж байна. Их хэмжээний датан дотроос уншигчдад хэрэгцээтэй, сонирхолтой, олон нийтийг шуугиулах мэдээлэл “гарган авч”, түүнийг хамгийн ойлгомжтой байдлаар визуалд оруулан уншигчдад хүргэснийг инфографик гэнэ. Өөрөөр хэлбэл инфографик бол дата сэтгүүл зүйн бүтээгдэхүүн юм. Инфографикийн датаг баталгаатай эх сурвалжаас авах ёстой бөгөөд, мэдээллийн агуулга сайтай, ойлгомжтой, шинэлэг, цэгцтэй дизайнтай, өгүүлж буй сэдвийн талаар бүрэн хэмжээний мэдлэг, мэдээллийг хүргэх зорилготой. Монголын сэтгүүл зүйд инфографикийг хэрэглэж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд дата сэтгүүл зүйн хөгжил, инфографик мэдээллийн хэрэглээ ямар түвшинд хүрснийг судаллаа. Хамгийн анх хэрэглэж эхэлсэн ХМХ болох “Өнөөдөр” сонин, хамгийн үр ашигтай байдлаар хэрэглэж буй “Засгийн газрын мэдээ” сонин болон алдартай, нэр хүндтэй “gogo.mn”, “ikon.mn”, “trends.mn” зэрэг сайтын сүүлийн нэг жилд нийтэлсэн инфографик мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үр дүнд дараах дүгнэлт гарлаа. Инфографик нь агуулга, хэлбэрийн нэгдэл байх учиртай. Гэтэл ХМХ-үүд дизайндаа анхаарч агуулгыг орхигдуулдаг нь ажиглагдаж байна. Шаардлагагүй мэдээллийг зураг, чимэглэл ашиглан инфографик болгохоор хүчилж байна. Үүний оронд зурган мэдээлэл (card news)-ийг хөгжүүлбэл зохино. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдэж буй инфографикууд нь гарчиггүй, текст ихтэй, датадаа тохироогүй дизайн ашигладаг, эх сурвалжийг дурддаггүй, нэг хэвийн загвартай зэрэг дутагдалтай талыг агуулж байна. Статистик мэдээ баримт, дата буюу үг, тоог график, визуал, диаграмм, чарт зэргийг ашиглан илэрхийлэхэд инфографикийн учир оршиж байгаа. Тиймээс энэ тал дээр анхаарах шаардлагатай. Гэхдээ сэдэвдээ тохирсон дизайн бүтээх, түүх өгүүлэх оролдлогууд хийж байгаагаас гадна сайтад хөдөлгөөнт визуал ашиглаж эхлээд байгаа нь сайшаалтай. Жишээ татсан мэдээллийн сайт бүрт хөдөлгөөнт визуалыг ашиглан томоохон хэмжээний мэдээллийг уншигчдад хүргэсэн нь үр дүнтэй болсон төдийгүй дата сэтгүүл зүйн шинжийг агуулж байснаараа давуу талтай. Сэтгүүлчид ажлаа эхлэхээс өмнө “Энэ дата сэтгүүл зүйн судлах асуудал мөн үү?”, “Яагаад гүнзгий судлах ёстой вэ?”, “Энэ үйл явдал ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг агуулж байна уу?”, “Энэ асуудалд өмнө нь хэн нэгэн олж хараагүй өнцөг бий юу?” зэрэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Эс тэгвээс их цаг хугацаа, хөдөлмөрөө дэмий үрэх болно. Ерөөс сэтгүүлчид дата сэтгүүл зүй болон инфографик мэдээллийг тусад нь ойлгож, нийтлэл бүтээлээ бэлтгэж байгаа нь ажиглагдсан. Сэдвийн хувьд зөвлөгөө, танин мэдэхүйн мэдээллээс гадна уул уурхай, эдийн засаг, статистик мэдээ зэрэг дата ихтэй мэдээлэлд тулгуурлан инфографикийг бүтээж байна. Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бүтээсэн инфографикт дутагдалтай зүйл их байгаа нь судалгаанаас харагдаж байна. Энэ нь сэтгүүлч, дизайнерын үйл ажиллагаа болон мэдлэг чадварын дутагдалтай байдлаас үүдэж байна гэж би бодлоо. Техник технологи өндөр хөгжсөн, мэдээллийн эрин зуунд ажиллаж байгаа сэтгүүлч нар дэлхий нийтийн сэтгүүл зүйн хандлагыг даган дуурайж, өөртөө хэвшүүлэх нь зүйн хэрэг. Тиймээс инфографик, дата сэтгүүл зүйтэй “танилцаж”, хэрэгслийг бүрэн гүйцэд, зарчмаын дагуу ашиглаж сурах шаардлагатай. Үүнээс гадна сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд дата сэтгүүл зүй, инфографикийн талаар сургалтын хөтөлбөртөө бүрэн оруулаагүй байна. “Монгол Улсын Их сургууль”, “Отгонтэнгэр” их сургуулийн сургалтын хөтөлбөрт өнгөрсөн жилээс дөнгөж нэвтэрсэн. Сэтгүүлчийг бэлтгэх, давтан бэлтгэх асуудлыг чанарын цоо шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн хичээлүүдээс гадна ерөнхий суурь мэдлэг өгдөг, сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн хичээлүүдийг түлхүү оруулах, одоо үзэж байгаа гол гол хичээлүүдийн агуулга, хөтөлбөр, чанарыг сайжруулах хэрэгтэй юм. Мөн сэтгүүлчдийг давтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн болон бусад шинжлэх ухааны шинэ мэдээллээр, мэдлэгээр хангах, зөвхөн сэтгүүл зүйн төдийгүй бусад салбар, чиглэлээр давтан бэлтгэх шаардлагатай байна Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын зарим асуудал. УБ., 2012. х. 99 . Миний бие цаашид дата сэтгүүл зүйг гүнзгийрүүлэн судалж, энэ чиглэлээр ажиллах зорилготой. Судалгааны ажил хийх явцдаа дата сэтгүүл зүйн онол, давуу тал, ирээдүйн чиг хандлагыг ойлгон, инфографик бэлтгэж сурсан маань үүнд нөлөөлсөн. Бусад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад, оюутнууд дата сэтгүүл зүйтэй “танилцсанаар” ажиллаж хүсэлтэй болно гэж найдаж байна. Маргааш ямар шинэ гар утас, компьютер, хэрэгсэл гарч ирэхийг мэдэхгүй байх хэмжээний техник технологийн үсрэнгүй хөгжилтэй үед дата сэтгүүл зүй, инфографикийн ирээдүйг тодорхойлох аргагүй. Ямартай ч уншигч олныг гайхуулсан олон сонирхолтой бүтээл, хэрэгсэл бий болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү судалгааны ажлыг хийхэд чин сэтгэлээсээ тусалж, дэмжсэн МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхмийн багш, доктор, дэд профессор Б.Наранбаатар багшдаа гүнээ талархъя. Ном зүй Баяр О. (2011-11-15). WikiLeaks-ийн ”Маш нууц” мэдээллүүд http://www.wikimon.mn/content/1521.shtml#sthash.mCNwWzTT.dpuf Болд-Эрдэнэ Б. Интернэт сэтгүүл зүй. УБ. 2009. Зулькафиль М. Орчин үеийн сэтгүүл зүй боть 1. УБ. 2015. Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын зарим асуудал. УБ. 2012. Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын үндэс. УБ. 2011. Зулькафиль М. Сэтгүүл зүйн тайлбар толь. УБ. 2011. Норовсүрэн Л. Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм боть 3. УБ. 2003. ЮНЕСКО. Сэтгүүл зүйн боловсролын сургалтын хөтөлбөрийн загвар. 2015. Adrian, H. (2009-05-21). The definitive, two-part answer to "is data journalism?". http://www.holovaty.com/writing/data-is-journalism/ Easel.ly. (2014.07.07). Top Tips from Experts on What Makes a Great Infographic. https://www.easel.ly/blog/top-tips-from-experts-on-what-makes-a-great-infographic/ History of Infographics. https://visual.ly/m/history-of-infographics/ Jonathan, G., Liliana, B., Lucy, Ch. (2011). Why journalists should use data. Data journalism hand book 1.0 beta. http://datajournalismhandbook.org/1.0/en/introduction_1.html Neil, P. (2015). 12 infographic tips that you wish you knew before years ago. https://blog.kissmetrics.com/12-infographic-tips/ Studio20NYU. (2016). News Literacy 2016. http://projects.nyujournalism.org/newsliteracy2016/ Simon, R. (2011-07-28). Data journalism at the Guardian: what is it and how do we do it?. theguardian.com/news/datablog/2011/jul/28/data-journalism The importance of Infographics and how to create a standout one. http://visual.ly/importance-infographics ИНФОГРАФИК МЭДЭЭЛЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ХЭРЭГЛЭЭ Ц.ГЭРЭЛТУЯА 54