Судалгааны үндэслэл: Энэхүү судалгааны сэдвийг сонгох болсон шалтгааныг Монгол Улсын гадаад бодлого, улс төрийн соёл бүрэн шинэчлэгдсэнтэй холбон тайлбарлаж болно. Монгол Улс нь геополитикийн өвөрмөц байрлалтай, Орос, Хятад гэсэн хоёр их...
moreСудалгааны үндэслэл: Энэхүү судалгааны сэдвийг сонгох болсон шалтгааныг Монгол Улсын гадаад бодлого, улс төрийн соёл бүрэн шинэчлэгдсэнтэй холбон тайлбарлаж болно. Монгол Улс нь геополитикийн өвөрмөц байрлалтай, Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог. Шинээр гарч ирсэн тоглогчид (Гуравдагч хөршүүд) энэ чиглэлд ажиллаж байна. Тиймээс Монгол Улсын Орос, Хятад хоёрын дунд орших геополитикийн өвөрмөц байрлал хийгээд энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй шинэ тоглогчдыг уялдуулан судлах шаардлагатай.
Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь Монгол Улсын орчин цагийн улс төрийн соёл, гадаад бодлогыг олон улсын харилцааны тогтолцооны хүрээнд авч үзсэн болно. Судалгааны зорилгод нийцүүлэн Монгол Улсын улс төрийн соёл, гадаад бодлогын онцлог, улс төрийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдлыг судлахын зэрэгцээ улс төрийн соёлын үзүүлэх нөлөөний хэтийн төлөвт дүн шинжилгээ хийсэн болно.
Судалгааны арга зүй: Бид бүтээлийн нэгдсэн тойм (системчилсэн) судалгааны аргазүйг ашиглав. Тус судалгаанд нийт 87 эх сурвалж (Монгол эх сурвалж 34, гадаад эх сурвалж 53) ашигласан болно. Судалгаанд авч үзсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг Монголын улс төрийн соёлын судалгаа, гадаад бодлогын судалгаа хэмээн хоёр бүлэгт ангилж үзэж болно. Судлагдсан байдлыг судалгааг хийхдээ зохиогчид Монгол, АНУ, Орос болон бусад улсын судлаачдын бүтээлүүдэд дүн шинжилгээ хийсэн юм.
Судалгааны үр дүн: Судалгааны үр дүн: Улс төрийн соёлын хувьд Монгол Улс нь өөрийн үндэсний өвөрмөц шинжийг хадгалсаар ирсэн нь улс төрийн үйл явцад илэрсээр байна. Монголын орчин цагийн гадаад бодлого нь “Үндсэн хууль”, “Гадаад бодлогын үзэл баримтлал” болон “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” зэрэг баримт бичгүүдэд тулгуурладаг. Монголын улс төрийн соёлын орчин үеийн байдал нь шилжилтийн шинж чанартай. Монголын нийгмийн улс төрийн хүрээнд өөрийн өвөрмөц нүүдлийн соёлыг хадгалахын зэрэгцээ Өрнөдийн парламентын ардчиллыг төлөвшүүлж байгаагаас үзэхэд улс төрийн холимог соёл бүрэлдсэн хэмээн үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, авторитаризм, хувьсгал, корпорацизмын элементүүд бараг байхгүй, хатуу бэхжсэн хүнд суртал багатай, зохих хэмжээнд үүрэг гүйцэтгэсээр ирсэн дэглэм төлөвшсөн нийгэм юм. Улс төрийн хуучин сэтгэлгээ үе үе сэргэдэг ч улс төрийн тоглогчид нь голлон ардчилалтай нийцэх улс төрийн үнэт зүйлсийг баримжаагаа болгодог. Улс төрийн үнэт зүйлс, институц, лидерүүдийн алийг нь дээгүүрт тавих вэ гэдэг нь бүлэг тус бүрд ялгаатай байна. Монголчуудын зарим хэсэг нь ардчиллыг дотоод үнэлэмжээ болгон хараахан ойлгож үзэхгүй байна.
Ардчилсан хэм хэмжээ болохын хувьд зөвшилцөл нь улс төрийн хүчнүүдийн зан төлөвт бүрэлдэн бий болж байна. Олон нийтийн санаа бодолд үл итгэх байдал, заримдаа үл тоомсорлох хандлага давамгайлах нь бий. Монголын улс төрийн соёлыг өвөрмөц онцлог бүхий холимог хэлбэртэй гэж хэлж болохоор байна. Өнөөдрийн байдлаар, “Монголын ардчилалын зохистой байдал” нь тал нутгийн (нүүдлийн) улс төрийн соёлтой нягт уялдаатай байна гэж хэлж болно. Түүнчлэн Монголын улс төрийн соёлын залгамж чанар, хувирамтгай чанарыг чухалчлах ёстой. Ерөнхийдөө, эдийн засаг илүү өндөр хэмжээнд өсч, хүн амын амьжиргааны түвшин илт дээшилсэн цагт ардчилал Монгол хүний сэтгэлгээний бүрэн утгаараа биелэлээ олох боломжтой хэмээн үзэж байна. Гадаад бодлогод Монголын улс төрийн соёлыг тусгахдаа улс төрийн соёлыг гадаад бодлоготой уялдуулах цогц ойлголтыг бий болгох шаардлагатай байгаа билээ.
Монголын соёл болон гадаад бодлогыг нэгтгэн авч үзэх нь Монгол Улсын бусад оронтой харилцах олон улсын харилцаанд оршдог гэж бид үзэж байна. Тухайлбал, буфер улс болохын хувьд Монгол Улс хоёр их гүрний хооронд байнга төвийг сахиж байгаагаас үзэхэд, Монголын улс төрийн соёл нь холимог (нүүдлийн болон ардчилсан соёл) болохыг нотлон харуулдаг. Мөн нүүдлийн ачаар Монгол Улсын гадаад бодлого нь “Гуравдагч хөрш” гэх үзэл баримтлал бий болсон бөгөөд үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь Орос, Хятадын нөлөөллийг тэнцвэржүүлэх бодлого билээ.
Түлхүүр үгс: улс төрийн соёл, буфер улс, гадаад бодлого, олон улсын харилцаа, гуравдагч хөрш